Сөүл: Умард Солонгос ээлжит цөмийн туршилтаа удахгүй хийж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-29 14:47:16
СӨҮЛ. /Ёнхап/. Умард Солонгос ойрын хугацаанд ээлжит цөмийн туршилтаа хийж болзошгүй гэж Өмнөд Солонгосын Тагнуулын ерөнхий газраас өнөөдөр мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжиллаа.

Умард Солонгос орон нутгийн цагаар лхагва гарагт шилжих шөнийн буюу урьд шөнийн 03:17 цагт “Хвасон-15” хэмээх шинэ төрлийн тив алгасах баллистик пуужин харвасан юм. Энэ талаарх мэдээллийг  Өмнөд Солонгосын ТЕГ-ын албаны хүмүүс өнөөдөр хууль тогтоогчдодоо өгөх үеэрээ “Умард Солонгос энэ туршилтаараа АНУ-ын эх газарт хүрч цохилт өгч чадна гэдгээ нотлон харуулахыг оролдсон гэж бид үзэж байна. Тус улс ээлжит цөмийн туршилтаа ойрын хугацаанд хийх магадлал өндөр байна” гэжээ.
 
“Хвасон-15” пуужин нь 1000 орчим км зам туулж, 4500 орчим км-ийн өндөрт хүрсэн гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Пхеньяны харвасан пуужин ийм өндөрт хүрсэн анхны тохиолдол нь энэ болж байна.
Г.Доржханд
 
関連ニュース