Т.Мэй, Д.Трамп нар "сөргөлдөв"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-30 17:15:49
ЛОНДОН. /Би-Би-Си/. Хэт барууны үзэлтнүүдийн тараасан лалын шашинтнуудын эсрэг агуулга бүхий дүрс бичлэгүүдийг “Твиттер” хуудсаараа дагагчдадаа түгээсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй шүүмжиллээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Их Британийн хэт барууны үзэлт нэгэн бүлэглэлийн интернэтэд тавьсан лалын шашинтнуудыг үзэн ядсан агуулга бүхий гурван дүрс бичлэгийг Д.Трамп өчигдөр “Твиттер” хуудсаараа 44 сая орчим дагачдадаа хуваалцсан байна.

Үүнтэй нь холбогдуулан Их Британийн Ерөнхий сайд Т.Мэй өнөөдөр хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэхдээ “Лалын шашинтнуудыг үзэн ядагч хэт барууны үзэлтнүүдийг өөгшүүллээ. Энэ төрийн тэргүүн хүний хийх үйлдэл яавч биш” гэжээ.

Хатагтай Т.Мэйн энэ мэдэгдлийн хариуд Д.Трамп “Тереза Мэй! Надад анхаарлаа хандуулах хэрэггүй.  Харин Их Британид үүрлэсэн хэт давруу үзэлт лалынханд анхаарлаа хандуул! Бид зүгээр” гэж "Твиттер" хуудастаа бичсэн байна.

Их Британи болон АНУ нь ойрын холбоотнууд бөгөөд “онцгой харилцаатай улсууд” юм. Т.Мэй нь Д.Трамп АНУ-ын төрийн тэргүүн болсны дараа Цагаан ордонд айлчилсан гадаад улс орны анхны удирдагч болж байв.

Энэ удаагийн маргаан нь хоёр улсын удирдагчдын харилцааг “хөндийрүүлж” магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд
関連ニュース