Венесуэль улс крипто валют гаргахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-04 11:34:35
КАРАКАС. /Би-Би-Си/. Эдийн засгийн хямралаас гарах хүчин чармайлтын хүрээнд шинэ крипто валют гаргахаар төлөвлөж буйгаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Н.Мадуро ням гарагт буюу өчигдөр телевизээр мэдэгдэл хийхдээ “Нефть, байгалийн хий, алт болон бусад эрдэс баялгаар баталгаажсан “Петро” хэмээх крипто валютыг манай улс гаргах гэж байна” гэжээ.

АНУ-ын наймдугаар сард авсан Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээг “ажралгүй” давахад энэ валют тусална гэж ноён Н.Мадуро цохон тэмдэглэсэн байна. Засгийн газрыг эсэргүүцэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэж байна гэх үндэслэлээр өнгөрсөн наймдугаар сард АНУ болон Европын Холбоо Венесуэлийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан билээ.

Нефтийн орлого буурч, валютын ханш /боливар/ нь 50 гаруй хувиар унасантай холбоотойгоор Венесуэль нь улс төр болоод эдийн засгийн хямралд ороод байгаа юм.

Крипто валют гэж юу вэ?

“Крипто”  гэдэг нь “нууцлал” гэсэн утгатай грек үг. Крипто валют гэдгийг хамгийн энгийнээр “цахим мөнгө” гэж ойлгож болно.

Крипто валют нь доллар, евро, юань, рубль, төгрөг гэх мэт валюттай ижил үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь цахим тоон системийн цифрэн валют бөгөөд үүнийг хуурамчаар үйлдвэрлэхээс  сэргийлэн криптографикийн аргаар нууцлалыг нь хангаж өгдөг байна.

Цаасан валют нь аливаа нэг улсад харьяалагддаг бол крипто валютыг аль нэг улсын засгийн газар болон банк зохицуулахгүй. Криптовалют нь анх гарахдаа маш хямд гарч, цаг хугацаа өнгөрөх тусам үнэ нь өсдөг ажээ.
Г.Доржханд
関連ニュース