БЭЭЖИН: БНАСАУ болон АНУ асуудлаа шийдвэрлэхийн тулд яриа хэлэлцээ хийх хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-09 09:03:12
БЭЭЖИН. /Шиньхуа/. Солонгосын хойгийн асуудалд шууд холбогдох талууд, тодруулбал БНАСАУ болон АНУ нь асуудлаа яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх хэрэгтэй гэж БНХАУ-ын ГХЯ мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжлав.
 
Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан баасан гарагийн орой буюу өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудал бол зарчмын хувьд аюулгүй байдлын асуудал гэж Хятад улс үздэг. Энэ асуудлын цаана БНАСАУ болон АНУ-ын зөрчилдөөн байна. Тиймээс талууд асуудлаа яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

Солонгосын хойгийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх ямар ч санал санаачилгыг Хятад улс хэзээд дэмжих болно гэж Гөн Шуан мөн цохон тэмдэглэсэн байна.
 
БНАСАУ АНУ-тай шууд яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой уулзах үеэрээ мэдэгдсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-наас дээрх мэдэгдлийг гаргажээ.
Г.Доржханд

関連ニュース