Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Хятадад айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-13 13:47:06
БЭЭЖИН. /Ёнхап/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хятад улстай харилцаагаа сайжруулахын төлөө ажиллана гэдгээ мэдэгдэхийн сацуу улс төр болоод аюулгүй байдлын салбарт хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд илүү их хүчин чармайлт гаргахыг Бээжинд уриаллаа гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Энэ оны тавдугаар сард ерөнхийлөгч болсон Мүн Жэ Ин нь өнөөдөр Хятад улсад дөрвөн өдрийн айлчлалаар хүрэлцэн очсоныхоо дараа Бээжин дэх 400 орчим иргэнтэйгээ уулзах үеэрээ “Өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай хоёр улсын эдийн засгийн харилцаа мэдэгдэхүйц өргөжин тэлсэн. Харин улс төр болоод аюулгүй байдлын салбарын харилцаагаа бэхжүүлэхийн төлөө бид илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна” гэжээ. 

Мүн Жэ Ин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар маргааш хоёр талын дээд хэмжээний уулзалт хийх аж. Америкт үйлдвэрлэсэн THAAD буюу баллистик пуужинг замаас нь амдан устгах дэвшилтэт технологийн системийг Өмнөд Солонгост байрлуулсантай холбоотойгоор “хөндийрөөд байсан” хоёр талын харилцаагаа хэвийн болгохоор тохиролцсоны дараа Мүн Жэ Ин Хятадад анхны төрийн айлчлалаа хийж байгаа нь энэ юм.

“THAAD” системийг Умард Солонгосын өдөөн хатгалгыг сөрөн зогсох зорилгоор байрлуулсан гэж Сөүл мэдэгддэг юм. Харин өндөр хүчин чадалтай “THAAD” системийн радараар Хятадын армийн үйл ажиллагааг тандаж болзошгүй гэж Бээжин болгоомжилдог билээ.
Г.Доржханд
関連ニュース