Израиль улс Газын зурвастай залгаа хилээ хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-14 15:05:29
ТЕЛЬ-АВИВ. /ТАСС/.  Газын зурвастай залгаа хил орчмынхоо бүх шалган нэвтрүүлэх цэгийг аюулгүй байдлын үүднээс өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хааж байгаагаа Израилийн батлан хамгаалах хүчин мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.  

Аюулгүй байдлын хүрээнд нөхцөл байдлын үнэлгээ хийхтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний “Керем-Шалом” болон хүмүүсийг шалган нэвтрүүлэх “Эрез” цэгийг өнөөдөр хаасан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалимыг "Израилийн нийслэл" хэмээн хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор тус хотыг ирээдүйн төрт улсынхаа "нийслэл" гэж үздэг палестинчууд болон Израилийн цэргүүдийн хооронд мөргөлдөөн дэгдээд байгаа юм. Тухайлбал, Газын зурвасын хэт давруу үзэлтнүүд сүүлийн гурван хоногт өдөр бүр Израиль руу пуужингаар довтолсон байна. Өчигдөр гурван ч пуужин  харвасны хоёрыг нь Израилийн агаарын цэргийн хүчнийхэн замаас нь амдан устгасан бол нэг нь хүн ам оршин суудаггүй газар дэлбэрсэн аж.
 
Э. Аянзаяа
関連ニュース