АНУ-ын Сенатын танхимын хоосон суудалд Ардчилсан намын гишүүн суухаар болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-14 16:29:57
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын Сенатын танхимын хоосон суудлыг дүүргэхээр Алабама муж улсад хийсэн тусгай сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч ялжээ.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, энэ долоо хоногийн мягмар гарагт явуулсан сонгуулийн саналын хуудсуудыг өчигдөр орой тоолж дууссан байна. Сонгуульд Ардчилсан намын /АН/ нэр дэвшигч Дуг Жонс 49.9 хувийн саналаар ялсан бол Бүгд найрамдах намын  /БНН/ нэр дэвшигч Рой Мур 48.4 хувийн саналаар хоёрдугаарт оржээ.

Р.Мур ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Гэхдээ түүний өрсөлдөгч Дуг Жонс-т өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшин ялж байсан Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан баяр хүргээд “Ялалт бол ялалт”  гэж бичсэн байна.

Алабамад сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд явуулсан сонгуульд БНН-ынхан ялж байсан юм. Өөрөөр хэлбэл, Д.Жонс нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Алабама муж улсаас Сенатын танхимд сууж буй АН-ын анхны гишүүн болж байна.

40 орчим жилийн өмнө нэгэн охинд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлж байсан гэх мэдээдэл гарсан нь Р.Мурыг ялагдахад хүргэсэн бололтой.
Г.Доржханд
関連ニュース