АН-ын бүлэг энэ сарын 19 хүртэл завсарлага авч байгаагаа мэдэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-12-14 16:34:17
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаан өчигдөр эхэлсэн ч тодорхой үр дүнд хүрэлгүй тарсан. Өнөөдөр МАН-ын бүлгийн төлөөлөгчид мөн хуралд ирсэн ч ирц бүрдэхгүй учир хурал явагдах боломж бүрдэлгүй мөн л тарлаа. ИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс 12 дугаар сарын 19 хүртэл завсарлага авах хүсэлтээ ажлын албанд ирүүлээд байгаа ажээ.

Цаашид хэрхэх талаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Чулуунбатаас тодрууллаа.  Тэрээр хэлэхдээ “Хурлын ажлын алба бол хурлын үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах зорилготой. Хуралдаан өчигдөр эхэлж хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Бид хуралдаанд оролцсон иргэдийн хурлын 32 төлөөлөгчиддөө холбогдох материалуудыг хуралдааны тов гарсан шийдвэрүүдтэй хамт хүргүүлж заал танхимаа бэлдсэн. Ийм учраас ажлын албаны зүгээс зохион байгуулалтын бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэж болно. Өчигдрийн хуралдааны үеэр Ардчилсан намын бүлэг завсарлага авч хурлын дарга хоёр намын бүлгийг асуудлаа шийдээд орж ирэхийг даалгасан. Дараагаар нь хоёр бүлгийн дарга уулзалдаж хурлыг үргэлжлүүлэх асуудлыг эргэж сайн ярилцаад хэзээ эргэж хуралдахаа тогтохоор болсон. Өнөөдрийн байдлаар хуралд Ардын намын 16 төлөөлөгч ирээд байна. Ардчилсан намын төлөөлөгчид ирээгүйгээс ирц бүрдэхгүй 50 хувьтай байгаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиараа ИТХ-ын дарга хурал удирдах хүнээ тэргүүлэгчдийн дундаас өөрөө санал болгох ёстой. Ийм учраас ерөнхийдөө хурал хуралдах боломжгүй болоод байна. Ажлын алба хурлын ирц бүрдсэн тохиолдолд хуралд оролцох бүрэн боломжтой байгаа. Ардын намын бүлгийн дарга Т.Мөнхболд хурлын бэлтгэх ажлыг хангах талаар ажлын албанд албан бичиг өгсөн. Мөн хурлын ажлын албанаас Ардчилсан намын бүлэгт хуралдаа оролцохыг шаардаж бичиг хүргүүлсэн ч тус намын бүлгийн зүгээс 12 дугаар сарын 19 хүртэл хурлаас завсарлага авч байна гэсэн хариу ирүүлсэн. Үүнийг МАН-ын бүлэгт танилцуулаад байна. ” гэв.
Т.Одончимэг
関連ニュース