Эмч мэргэжилтнүүдээ сургалтад хамруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаан болсон өвчлөлийн оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, нөхөн сэргээлтийг анхан болон хоёрдугаар шатлалд хэрхэн зөв явуулах талаар нэгдсэн ойлголт мэдлэг олгох сургалт Баянхонгор хотноо боллоо.
Баянхонгор аймгийн Засаг даргын ивээл дор Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуультай хамтран "Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын чанарыг сайжруулах" нь сэдэвт орон нутгийн зөвлөлгөөний хүрээнд тус сургалтыг хийжээ. Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн дэмжлэгтэйгээр хийсэн тус сургалтад сум, өрх, Нэгдсэн эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн 45 эмч мэргэжилтэн хамрагдаж, эмнэлэг хөдөлмөрийн магадлалын чиглэлээр мэдлэг мэргэжлээ дээшлүүлэн орон нутаг чадавхиа бэхжүүлсэн юм.
Сургалтыг АШУҮИС-ийн Гэмтлийн тэнхмийн багш Монгол Улсын гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор н.Батсүхээр ахлуулсан Мэдрэл, Сэтгэц, Чих хамар хоолой, Дотор, Халдвартын тэнхмийн болон төгсөлтийн дараах сургалтын албаны мэргэжилтнээс бүрдсэн эрдэмтэн багш нарын өргөн бүрэлдэхүүнтэй баг удирдан явуулжээ. Сургалтанд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, дэд захирал Э.Содномжамц нар оролцон эмч мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр харилцан ярилцаж, дараа дараагийн сургалт хийх талаар санал солилцлоо. Цаашид энэ сургалтыг тогтмолжуулан өргөжүүлж, уламжлал болгон зохион байгуулж байхаар тогтсон байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс 2017 оныг "Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолтыг оновчтой болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах жил" болгон зарлаж, төлөвлөгөөт арга хэмжээнүүдийг өрнүүлэн ажиллажээ.
Б.Мөнхзул