Иерусалимын асуудлаарх НҮБ-ын тогтоолд АНУ хориг тавив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-19 09:54:09
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Иерусалим хотыг “Израилийн нийслэл”-ээр хүлээн зөвшөөрөхийг эсэргүүцэх тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд АНУ хориг тавилаа гэж ТАСС агентлаг мэдээлэв.

Энэхүү тогтоолыг батлахыг Аюулгүйн Зөвлөлийн 14 гишүүн улс дэмжсэн бол  АНУ хориг тавьсан байна. 
 
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даргалж буй Японы дипломатч Коро Бессё мэдэгдэхдээ “Иерусалимын асуудлаарх тогтоолын төслийг 14 улс дэмжиж, ганц улс эсэргүүцлээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улс эсэргүүцсэн учир энэ тогтоол батлагдсангүй” гэжээ.

АНУ 1990 оноос хойш Палестин болон Араб-Израилийн асуудлаарх тогтоолд нийт 14 удаа хориг тавиад байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалимыг "Израилийн нийслэл" хэмээн хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор тус хотыг ирээдүйн төрт улсынхаа "нийслэл" гэж үздэг палестинчууд болон Израилийн цэргүүдийн хооронд мөргөлдөөн дэгдээд байгаа юм.
Э. Аянзаяа
関連ニュース