Зорилтот бүлгийн хүүхдүүдийг баярлуулах аян санаачиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-12-19 11:46:56
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гэрэл зурагчдын холбооноос “Хонгорын үрс-Гэрэлт ирээдүй” сайн үйлсийн аян зарлалаа. Аянаар цугларсан хандиваар нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд чин сэтгэлийн бэлэг гардуулж, тэдэнд аз жаргалтай нэгэн үдшийг бэлэглэх аж.
Тодруулбал, Баянхонгор сумын найман багийн нийгмийн эмзэг бүлэгт хамрагдах айл өрхийн хүүхдүүдийг энэ сарын 29-нд “Харшийн сүлд модны наадам”-д оролцуулах, урлаг соёлын тоглолт үзүүлэх, аймгийн Түүх Угсаатны болон Байгалийн музейг үзүүлж танилцуулах, бэлэг гардуулах зэрэг цөөнгүй арга хэмжээнүүдийг тус холбооныхон төлөвлөжээ.
Тус аяныг хэрэгжүүлэхэд гарах зардлыг босгох санаачлагыг сайн санаат хүмүүс, хамт олонд хандан хүргүүлж байгаа юм байна. Одоогийн байдлаар аймгийн Түүх Угсаатны болон Байгалийн музей, Хүүхдийн Тэмүжин театр, ГонГандан Дэдлин хийд, Накула супермаркет, Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор сумын ЗДТГ зэрэг албан байгууллагууд нэгдээд байгаа аж. Хандивын аян энэ сарын 28 хүртэл үргэлжлэх бөгөөд хамтран ажиллах хүсэлтэй хэн бүрийг хүлээж байгаагаа дуулгалаа. Хандивын данс: 5225299543
Сонирхуулахад, Өмнө ийнхүү тусгай хөтөлбөр бүхий бүтэн өдрийн арга хэмжээг хандивын аяны хүрээнд зохион байгуулж байгаагүй юм байна.
                                                                                                                          Б.Мөнхзул
 
関連ニュース