Дэлхий дахинаа 2017 онд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-21 07:45:22
УЛААНБААТАР. /МОНЦАМЭ/.  Улиран одож буй 2017 онд дэлхий дахины анхаарлын төвд байсан гол үйл явдлуудыг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг онцолж байна.

1.     АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Д.Трампын ажлын гараа


2016 оны 11 дүгээр сард болсон АНУ-ын 45 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тэрбумтан Дональд Трамп “Америк нэгдүгээрт” уриатайгаар энэ оны нэгдүгээр сарын 20-нд ажилдаа орсон юм.

Хууль бус цагаачдыг улс орноосоо хөөн гаргах, терроризмоос сэргийлэх үүднээс исламын шашинтнуудыг АНУ-д нэвтрүүлэхгүй байх, ажлын байрыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэрийдлээр  гаргаж буй асар их зардлыг танах, Номхон далай дамнасан хамтын ажиллагааны гэрээнээс улс орноо гаргах зэрэг мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтуудаа тэрбээр эхнээс нь биелүүлсээр байна. Тухайлбал, тэрбээр  исламын шашинт улс орнууд, тэдгээрийн дотор Иран, Ирак, Ливи, Сири болон Йемений иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглож, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх Парисын хэлэлцээр болон АПЕК-ийн гишүүн 12 оронтой байгуулсан “Номхон далайн дамнасан түншлэл” хэмээх чөлөөт худалдааны хэлэлцээрээс АНУ-ыг гаргаад байгаа юм.  

Мөн саяхан Д.Трамп Иерусалим хотыг “Израилийн нийслэл” гэж хүлээн зөвшөөрч буйгаа зарласны улмаас палестинчууд болон Израилийн цэргүүдийн хооронд мөргөлдөөн болсоор байна. Палестинчууд Иерусалимыг ирээдүйн төрт улсынхаа “нийслэл хот” гэж үздэг юм.
 
2.     Авлигын дуулианы улмаас Өмнөд Солонгосын төрийн тэргүүн солигдов



Дэлхий олон улс орон, тэдгээрийн дотор Өмнөд Солонгос “авлига”-тай хатуу тэмцэж байна. Үүний нэгэн тод жишээ нь авлига авсан болон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласангэх хэрэгт холбогдсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцрохыг шаардсан жагсаал цуглааныг ард иргэд нь удаа дараалан хийж, улмаар Үндсэн хуулийн шүүх нь түүнийг  энэ оны гуравдугаар сарын 10-нд албан тушаалаас нь огцруулсан явдал байв. Пак Гын Хэг одоо Сөүлээс холгүй орших цагдан хорих төвд хорьж байна.

Пакийг огцруулсантай холбоотойгоор тус улсад тавдугаар сард болсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд Умард Солонгосоос зугтан ирж байсан хүмүүсийн хүү болох Мүн Жэ Ин ялсан юм.

Хүний эрхийн хуульч мэргэжилтэй Мүн Жэ Ин нь Өмнөд Солонгосын тусгай хүчинд зүтгэж байсан нэгэн. Умард Солонгосын эсрэг Сөүлийн байр суурийг зөөллөж, Пхеньянтай яриа хэлэлцээ хийх тухай Мүн Жэ Ин анхандаа ярьж байв. Гэвч Пхеньян зургаа дахь цөмийн туршилтаа хийж, удаа дараалан баллистик пуужин харвасан нь түүнийг “мухардалд оруулаад” байна.
 
3.     Биткойны ханш “цойлсон нь”



2017 он гарснаас хойш биткойн хэмээх цахим валютын ханш огцом өсөж, 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 18 000 ам.долларыг даваад байгаа нь бизнес эрхлэгчид төдийгүй жирийн иргэн хүртэл биткойн худалдан авахаар хошуурахад хүргэлээ.

Биткойн нь блокчейн зарчим дээр үндэслэсэн крипто валютын нэгэн төрөл бөгөөд гуравдагч талыг оролцуулахгүйгээр “p2p” системээр сүлжээнд гүйлгээ хийж болох цахим валют юм. Анх 2008 оны 10 дугаар сард Сатоши Накамото гэдэг хүн биткойн хэмээх цахим валютын зарчмыг тайлбарласан өгүүллийг нийтэлж байсан түүхтэй. 2010 онд 1 биткойн нь ердөө 1 ам.доллартой тэнцдэг байсан бол одоо ханш 16-18 мянга дахин өсчихөөд байна.

2008 онд Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукербергийг шүүхэд өгч, фэйсбүүк нийгмийн сүлжээ нь бидний сэдсэн санаа хэмээн мэдэгдэж байсан Уинклвоссын ихрүүд дэлхийн анхны биткойны тэрбумтнууд болоод байна. 2013 онд тэд 11 сая ам.доллароор биткойн худалдан авч байжээ. Тухайн үед 1 биткойны үнэ 120 ам.доллартай тэнцэж байв. Гэтэл энэ оны 12 дугаар сарын эхээр нэгж биткойны үнэ 11 мянган ам.доллароос давснаар ихрүүд нэг тэрбум ам.доллароор үнэлэгдэх биткойнтой болж чаджээ.

Харин ханшийн огцом хөөрөгдөл ба хэлбэлзэл, хакеруудын халдлага зэргээс үүдэн “биткойн бол дамлах хийрхэл, үнийн хөөсрөл, хөнгөн хийсвэр аргаар мөнгө олох гэсэн арга” гэж ажиглагчид үзэж байна.
 
4.     Рохинжачуудын хямрал


Хэдхэн жилийн өмнө ардчилсан тогтолцоонд шилжиж, ардчиллыг бэхжүүлэхэд гаргаж буй хүчин чармайлтаараа дэлхий нийтийн магтаал сайшаалыг хүртээд байсан Мьянмар улс 2017 онд “муу талаараа” олон улсын анхаарлын төвд байлаа.

Мьянмарын үндэстний цөөнх болох исламын шашинт рохинжачууд голдуу амьдардаг Ракхайн мужид 9 цагдааг хөнөөсөн хэрэг энэ оны наймдугаар сарын сүүлчээр гарсан юм. Эдгээр цагдааг рохинжа босогчид хөнөөсөн гэж Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн үзэж, босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон нь 640 мянга гаруй энгийн номхон рохинжа хүнийг хөрш Бангладеш руу дүрвэхэд хүргэв.

Мьянмарын цэргүүд болон буддын шашинтнууд рохинжачуудын тосгодыг шатааж, эрэгтэйчүүдийг нь хөнөөж, охид эмэгтэйчүүдийг нь хүчирхийлж байна гэх мэдээлэл өнгөрөгч зун олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ар араасаа хөвөрч байсан юм. Аюулаас хамгаалах хүчнийхний явуулсан ажиллагааг НҮБ “үндэстний цөөнхийн цэвэрлэгээ” гэж нэг бус удаа тодорхойлон мэдэгдэж, рохинжачуудтай холбоотой асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Нобелийн Энх тайвны шагналт хатагтай Ан Сан Су Чигээр удирдуулсан Мьянмарын Засгийн газраас шаардаар байна.. Харин Мьянмарын Засгийн газар уг цэргийн ажиллагаагаа “босогчидтой тэмцэх ажиллагаа” гэсээр байгаа юм.

Тус улсаас дайжин дүрвэж Бангладешт очсон 640 мянга гаруй хүн одоо хүнд хэцүү нөхцөлд толгой хоргодож байгаа бөгөөд тэдэнд яаралтай тусламж дэмжлэг үзүүлэхийг НҮБ олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна.

Рохинжачуудын хямралтай холбоотойгоор Ан Сан Су Чигийн Нобелийн Энх тайвны шагналыг хураахыг олон хүн шаардаж, түүнд олгосон "Оксфорд хотын хүндэт иргэн" хэмээх шагналаа Их Британийн Оксфорд хот саяхан хураан авсан юм.

5.     Бэлгийн дарамт, хүчирхийллийн дуулиан шуугиан



2017 онд дэлхий дахинд бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байлаа.

Холливудын нэрт продюсер Харви Вайнштейныг тойрсон бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой дуулиан шуугиан 10 дугаар сарын эхээр дэгдсэний дараа олон эмэгтэй, тэдний дотор алдарт жүжигчин Анжелина Жоли болон Эшли Жудд нар бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байснаа зоригтойгоор дэлгэж, бэлгийн хүчирхийлэлтэй хатуу тэмцэхийг дэлхий нийтэд уриалах болсон юм.

Х.Вайнштейнаар эхэлсэн бэлгийн дарамт, хүчирхийллийн дуулиан АНУ-ын улс төр рүү хальж, тус улсын Конгрессын хэд хэдэн гишүүн огцроод байна.

Бэлгийн хүчирхийлэлд өртөж байснаа зоригтойгоор дэлгэж, хүчирхийлэгчдийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх хөдөлгөөн өрнүүлсэн хүмүүсийг Америкийн алдарт “Тime” сэтгүүл “Аниргүйг эвдэгсэд” гэж нэрлэж, тэднийг 2017 оны “Оны хүн”-ээр нэрлэсэн юм.
 
6.     Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе эхэллээ гэв



Энэ оны 10 дугаар сарын 18-24-нд Бээжин хотноо болсон БНХАУ-ын эрх баригч Хятадын коммунист намын /ХКН/  таван жил тутмын ээлжит их хурал буюу XIX хурлынхаа үеэр тус улсын дарга Ши Жиньпин “Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе” эхэлснийг зарлан тунхаглаж, орчин цагийн төгс төгөлдөр социалист гүрэн байгуулахаа мэдэгдсэн юм.

Мао Зэдунээс хойших “Хятадын хамгийн хүчирхэг удирдагч” гэгдэж буй Ши Жиньпин намын энэ их хурлын үеэр албан тушаалдаа улиран сонгогдсон билээ. Түүний удирдлага дор Хятад улс өнгөрсөн таван жилийн хугацаанд авлига, ядууралтай хатуу тэмцсэний дүнд эдийн засгаа дэлхийн дунджаас бараг гурав дахин их хувиар буюу 7.2 хувиар тогтвортой өсгөж, 60 сая иргэнээ ядуурлаас гаргаж чаджээ. 1.4 тэрбум хүнтэй Хятад улс одоогоор ядуусын эгнээнд буй 40 сая иргэнээ 2020 он гэхэд ядуурлаас ангижруулах зорилт дэвшүүлээд байна.
 
7.     Шинжлэх ухаан, технологийн салбарт гарсан ололт амжилтууд


2017 онд шинжлэх ухаан, технологийн салбар чамгүй ололт амжилттай байлаа. Үүний нэг нь 3D принтерээр хүний арьсыг хэвлэх боломжтой болсон явдал юм. Тодруулбал, хүний арьсны эд эсүүд болон биологийн бүрдүүлэгч хэсгүүд бүхий тусгай био-бэхийг ашиглан хүний арьсыг нөхөх зориулалттай төхөөрөмжийг зохион бүтээснээ Испанийн судлаачид энэ оны эхээр мэдэгдсэн билээ.

Энэхүү био-принтерээр хэвлэсэн арьсанд арьсны дермис буюу жинхэнэ давхарга (хялгасан судас, мэдрэлийн төгсгөл болон бусад бүтцийг агуулсан эдийн давхарга), эпидермис буюу өнгөн давхарга, гиподермис буюу өөхөн давхарга зэрэг хүний арьсны амин чухал хэсгүүд бүгд байхаас гадна коллаген хүртэл бий аж.
Биомолекулыг хөдөлгөөн дунд нь хөлдөөж, урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй молекулын үйл хөдөлгөөнийг харах боломжийг судлаачдад олгосон крио-электрон микроскопыг Швейцарь, Америк болон Шотландын биофизикчид,зохион бүтээв. Тэд уг бүтээлээрээ энэ оны Химийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн юм.

Дэлхийн ухаалаг гар утас үйлдвэрлэлийн зах зээлдэх “Apple” болон “Samsung” корпорацуидын хоорондын өрсөлдөөн үргэлжилж, “Аpple” компани 10 жилийн ойгоо тохиолдуулан  энэ оны намар “iPhone X”, iPhone 8” болон “iPhone 8 Plusгэсэн гурван ухаалаг гар утсаа нэгэн зэрэг танилцуулав. “Аpple” компанийн мэдэгдсэнчлэн, түүхэндээ анх удаагаа OLED буюу "Органик гэрэл ялгаруулах диод” дэлгэцтэйгээр гаргасан, дүрсний нягтрал гойд сайн, нүүр таних систем бүхий “iPhone X” нь дэлхийн ухаалаг гар утасны салбарын ирэх 10 жилийн хөгжлийг тодорхойлно. Харин батарейны асуудлын улмаас “Galaxy Note 7” ухаалаг гар утсаа өнгөрсөн онд дотоод, гадаадын зах зээлээс эргүүлэн татаж, багагүй алдагдал хүлээсэн Өмнөд Солонгосын “Самсунг” компани энэ онд алдагдлаа нөхөж, нэр хүндээ сэргээхээр “Galaxy S8”, “Galaxy S8 Plus” болон  "Galaxy Note 8" зэрэг технологийн орчин үеийн шийдэл бүхий бүтээгдэхүүнүүдээ танилцуулж олны хүртээл болголоо.

8. Ус төрөгчийн бөмбөг туршиж, удаа дараалан баллистик пуужин харвав



Умард Солонгос “урьдынхаараа” бүс нутаг төдийгүй дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлж, цөмийн болон пуужингийн туршилт хийсээр энэ оныг үдэх гэж байна. Тус улс 2017 он гарснаас хойш 20 удаа баллистик пуужин харвасны хоёрыг нь Японы газар нутгийг давуулан Номхон далай руу харважээ.

Мөн энэ оны есдүгээр сарын эхээр ус төрөгчийн бөмбөг туршсан билээ. Энэ нь тус улсын зургаа дахь цөмийн туршилт байсан бөгөөд хамгийн хүчтэй цөмийн туршилт нь байв.

Цөмийн болон пуужингийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан АНУ тэргүүтэй улс орнууд болон НҮБ чанга хатуу хориг арга хэмжээ авах замаар Пхеньянд шахалт үзүүлсээр байна. Тухайлбал, Умард Солонгос удаа дараалан баллистик пуужин харваж, цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан Д.Трамп есдүгээр сард НҮБ-ын индрээс “Хэрвээ шаардлага гарвал манай улс өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалахын тулд Умард Солонгосыг бүрэн устгах болно” гэж хэлсний хариуд Пхеньян цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй, харин ч цөмийн зэвсгээ улам боловсронгуй болгоно гэж мэдэгдэхийн зэрэгцээ “АНУ-ын эх газарт цохилт өгөх чадал бидэнд бий” гэж заналхийлэв.
 
9. Оросын тамирчид улсынхаа нэрийн өмнөөс олимпод оролцож чадахгүй нь



Оросын баг тамирчид улсынхаа нэрийн өмнөөс цагаан олимпод оролцох боломжгүй болсон нь 2017 онд спортын ертөнцөд төдийгүй дэлхий дахинд шуугиан дэгдээсэн үйл явдлуудын нэг байв.

Сэргээшийн эсрэг дүрэм журмыг “зохион байгуулалттайгаар” зөрчсөн нь  шалгалтаар тогтоогдсон гэх үндэслэлээр Оросын баг тамирчдын “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцох эрхийг Олон улсын олимпийн хороо 12 дугаар сарын эхээр хассан юм.

Гэхдээ хатуу болзлуудыг хангаж чадсан тамирчид нь Оросын нэрийн өмнөөс бус, харин “Оросын олимпийн тамирчид” гэсэн нэрийн дор ирэх онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпод оролцох боломжтой.
 
10. Сирийг террористуудаас чөлөөлөв



Сүүлийн жилүүдэд дэлхийн халуун цэг болоод байсан Сири улсын нөхцөл байдал энэ онд харьцангуй намжиж тогтворжлоо.
2011 онд засгийн газрын эсрэг жагсаал хийсэн ардчиллыг дэмжигчдийг Сирийн засгийн газар цэргийн хүчээр дарах гэж оролдсоноор тус улсад иргэний дайн дэгдэж байв. Үүнийг далимдуулан лалын босогчдын "Лалын улс" тэргүүтэй террорист бүлэглэлүүд Сирид нөлөөгөө бэхжүүлж, олон газрыг булаан эзэлж, халдлага үйлдэх нь олширсон юм. 2015 оноос Оросын агаарын цэргийн хүчнийхний дэмжлэгтэйгээр Сирийн засгийн газрын цэргүүд босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон билээ. Үүний дүнд Сирийн газар нутгийг террористуудаас үндсэндээ бүрэн чөлөөлснөө Оросын армийнхан энэ  сарын эхээр мэдэгдсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин саяхан Сирид гэнэтийн айлчлал хийж, Сириэс цэргүүдээ татахыг холбогдох албаны хүмүүстээ үүрэг болгосон нь Сирийн нөхцөл байдал тогтворжиж эхэлсний нэгэн илрэл гэж олон улсын ажиглагчид үзэж байна.

Дашрамд дурдахад, олон жил дайны хөлд нэрвэгдсэн Ирак улсын засгийн газар мөн “Лалын улс” бүлэглэлээс улс орноо бүрэн чөлөөлж, энх тайван цаг ирснийг энэ оны төгсгөлд зарлалаа.
 
Г.Доржханд
 
 
 
 
 
 
 

関連ニュース