Умард Солонгосын эсрэг хоригийг чангатгах тухай тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-23 16:53:17
НЬЮ-ЙОРК./Би-Би-Си/. Умард Солонгос саяхан баллистик пуужин туршсаны хариуд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээ улам чангатгах арга хэмжээ авлаа.

Энэ удаад БНАСАУ-аас ажиллах хүчин экспортлохыг хориглосон шинэ арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөжээ. Түүнээс гадна, АНУ-ын санаачилгаар боловсруулсан Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд заасны дагуу Умард Солонгост түлш шатахуун нийлүүлэхэд хатуу хязгаарлалт тогтоож, худалдааны хоригийг улам чангатгахаар шийдвэрлэсэн байна.  

Уг тогтоолыг батлахыг Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн улс бүгд дэмжсэний дотор Умард Солонгосын худалдааны гол түншүүд болох Хятад болон ОХУ байна.  

Тогтоолд тусгаснаар, Умард Солонгост нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний хэмжээг жилд 500 мянган баррель болгон бууруулжээ. АНУ-ын холбогдох албадын мэдээллээр, 2016 онд Умард Солонгос 4,5 сая баррель газрын тосныы бүтээгдэхүүн импортолж байсан бол дээрх тогтоол гарснаар энэ хэмжээ бараг 90 хувиар буурах юм.

Тогтоолд дурдсаныг үзвэл, Умард Солонгосоос ажиллах хүчин авах талаар байгуулсан гэрээ хэлцлээ нэн даруй цуцалж, тус улсын ажилчдыг нутагт нь буцаах шаардлагыг Аюулгүйн Зөвлөлөөс НҮБ-ын гишүүн бүх улс оронд тавьжээ. Уг үүрэг шаардлагыг биелүүлэхэд 24 сарын хугацаа өгсөн байна. 

Умард Солонгосын эрх баригчид голдуу барилгын мэргэжилтэй ажилчдаа гадаад орнуудад илгээн ажиллуулдаг бөгөөд үүний зорилго нь тус улсад орж ирэх гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх явдал юм.

Умард Солонгосын олон мянган цагаач ажилчид Хятад, Монгол, Орос болон Ойрхи Дорнодын орнуудад барилгын талбайд ажиллаж байна.

Г.Доржханд
 
関連ニュース