Аймгийн нэгдсэн эмнэлэгт дурангийн хагалгаа хийх боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасаг Дурангийн хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмжтөй боллоо. Тус тасгийн хамт олон дурангийн хагалгааны тоног төхөөрөмжтөй болохоор шат шатны шийдвэрлэх байгууллагуудад хүсэлтээ илгээсний дүнд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 300 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг ийнхүү шийдвэрлүүлжээ.
Дурангийн хагалгааны 196 сая төгрөгний тоног төхөөрөмж, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр мэс заслын орчин үеийн зориулалтын гэрэлтүүлэг, 78 сая төгрөгийн өртөг бүхий унтуулгын аппарат, яаралтай түргэн тусламжийн тасагт 46 сая төгрөгийн зөөврийн эхо аппаратууд өнөөдрөөс ийнхүү Мэс заслын тасагт байршлаа.
Баянхонгор аймгийн хэмжээнд жилдээ 80-100 орчим хүн дурангийн хагалгаанд орохоор Улаанбаатар хотыг зорьдог бөгөөд ийнхүү тоног төхөөрөмжтэй болсноор өвчтөнүүд зардал чирэгдэл, цаг хугацаа алдалгүй орон нутагтаа эмчлүүлэх боломжтой болж байна.
Б.Мөнхзул