Д.Трамп Бээжинд анхааруулга өгөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-29 19:35:10
ВАШИНГТОН. /Ройтерс/. Хэрвээ Умард Солонгост илүү шахалт үзүүлэхгүй бол Бээжинтэй “өөрөөр ярина” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулжээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Д.Трамп өчигдөр “Нью-Йорк Таймс” сонинд ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байна.

Тэрбээр ярихдаа “Би Хятад улсын дарга Ши Жиньпинтэй ойр дотно харилцаатай болсон. Гэсэн хэдий ч Хятадын хөлөг онгоцууд Умард Солонгосын хөлөг онгоцуудад нефть, нефтийн бүтээгдэхүүн шилжүүлэн өгч байгааг сонсоод урам хугарлаа. Энэ бол цөмийн болон пуужингийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зүгээс Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээний тогтоолуудыг  зөрчсөн хэрэг” гэжээ.

Цагаан ордны тэргүүн цааш нь ярихдаа “АНУ болон Хятадын хоёр талын худалдааны тэнцвэрт байдал алдагдаад удаж байна. Хятадын компаниуд илүү ашиг хонжоотой ажилласаар ирсэн. Худалдааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд Хятад улс АНУ-д туслах эсэхээс хамаарна” гэсэн байна.
Г.Доржханд
関連ニュース