Угсаатны зүйн музейд Д.Сүхбаатар жанжны нэрэмжит танхим байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-05 15:12:17
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэний 125 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тус ойг нутаг орны төр захиргааны зүгээс тусгайлан анхаарч, онцгой ач холбогдол өгч тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Нэн тэргүүнд түүхэн жанжныхаа нэрээр нэрлэгдсэн аймаг гэдэг утгаараа Угсаатны зүйн музейд түүний нэрэмжит танхимыг байгуулахаар боллоо.

Аймгийн засаг даргын захирамжаар Д.Сүхбаатар жанжны 125 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Тэд ойг угтан хийгдэх ажил, зохион байгуулагдах арга хэмжээнүүдээ төлөвлөсөн юм.

“Бид шинэ оны эхний хоёр сарыг бүхэлд нь их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болгохоор төлөвлөөд байна. Удахгүй энэ тухайгаа аймгийн засаг даргад танилцуулна, одоогоор төслөөр явж байна. Ер нь ойн хүрээнд онол практикийн хурал, цэргийн парад, эссэ бичлэгийн уралдаан, буудлагын тэмцээн, түүхэн жүжиг, тоглолт тавих, 2000 оноос хойш төрсөн Сүхбаатар нэртэй иргэдэд болоод 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх, явуулын музей ажиллуулах зэрэг ажлуудыг төлөвлөсөн. Хамгийн гол нь энэ түүхэн хүнийхээ нэрэмжит танхимыг аймгийнхаа музейд байгуулах нь нэн чухал байгаа юм. Энэ талаар санал санаачлагыг өмнө нь хэлж байсан ч  ажил хэрэг болоогүй. Харин бид үүнийг ойд нь зориулж бүтээх болно. Д.Сүхбаатар жанжинтай холбоотой эд хэрэглэл, бичиг цаас, хөрөг зургууд гээд үзмэр болох зүйлүүд маш их байдаг. Үүнийг цуглуулах ажлыг эхний ээлжинд хийнэ” хэмээн ажлын хэсгийн ахлагч, аймгийн засаг даргын орлогч Т.Мөнхболд хэллээ.
Т.Одончимэг 
関連ニュース