Ухаалаг худгийн төхөөрөмжийг санаатайгаар эвдэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-22 12:41:54
Баянхонгор /МОНЦАМЭ/. "УТБ-8"-аар үйлчлүүлдэг байсан иргэд энэ сарын 18-наас ундны усаа авч чадахгүй, холоос зөөвөрлөх шаардлагатай болжээ.
Тодруулбал, энэ сарын 15-ны орой 18:30 минутын орчимд Долдугаар багт байрлалтай УТБ-ны карт уншигч төхөөрөмжийн мэдээллийн самбарыг өсвөр насны гурван хүү санаатайгаар, чулуугаар цохиж эвдэлсэн байна. Улмаар энэ сарын 18-ны өдөр 12:08 минутын үед дахин тус ухаалаг худгийн төхөөрөмжийн карт уншуулдаг хэсгийг чулуугаар хагалж,  төхөөрөмжийг ажиллагаагүй болгожээ.
"Чандмань Баянхонгор" ХК худгийн төхөөрөмжийг дахин шинээр суурилуулан, хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.
Гэр хорооллын иргэдэд цаг харгалзахгүй цэвэр усны хэрэгцээгээ Ухаалаг худгаас хангадаг болоод сар гаруй болж байна. Иргэдийн буруу хэрэглээнээс үүдэлтэй сөрөг үзэгдлүүд ажиглагдаж байгааг ч бид мэдээлсэн. Төхөөрөмжийг санаатайгаар ажиллагаагүй болгосон дээрх үйлдэл нь хяналтын камерт бичигдсэн бөгөөд хуулийн байгууллагад шилжүүлээд байгаа аж.
                                                                                                                                        Б.Мөнхзул
関連ニュース