Говийн чиглэлийн аялал жуулчлалын маршруттай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-24 18:58:18
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг нь гурван бүсийн үзэсгэлэнт сайхан нутагтай аялал жуулчлалын олон бүтээгдэхүүн нөөц газруудтай. Аялал жуулчлалын шинэ нөөц, ирээдүйтэй бүс нутгийн хувьд 2018 онд GIZ-ийн Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Тайланд улсын санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төсөл Увс, Баянхонгор, Сэлэнгэ гэсэн гурван аймагт 2.5 жилийн хугацаатай хэрэгжихээр боллоо. 
Энэхүү төслийн хүрээнд Зөвлөх багш Д.Наранцэцэг Баянхонгор аймагт ажиллаж, аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж орон нутгийн аялал жуулчлалын салбарын тулгамдаж буй асуудал, цаашид сайжруулж болох ажлуудын талаар  зөвлөгөө өгчээ. 
Мөн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн багийнхан Баянхонгор аймгийн говийн чиглэлийн маршруттай танилцсан байна. Тэд "Баянхонгор хот-Хавцгай хөндий-Монголын хоолой-Баянлиг сум-Хоёр түмэн тэмээний баяр-Бичигт хад" гэсэн маршрутаар танилцах аялал хийсэн бөгөөд Монгол Улсын аварга тэмээчин, Монгол Улсын гавъяат малчин Ц.Шинэн аваргатай уулзаж хамтран ажиллах талаар ярилцсан байна. Мөн судалгааны дараагийн шатанд аймгийн Хангайн чиглэлийн аяллын маршрут болох "Шатар чулуун хөшөө цогцолбор-Хачин ламын хийд-Хужиртын даваа-Шаргалжуутын халуун рашаан-Сарлагийн наадгай зохион байгуулагддаг Хадаагийн булаг"-т очиж танилцжээ.
                                                                                                                        Б.Мөнхзул

関連ニュース