Умард Солонгос НҮБ-ын тэргүүнд захидал илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-02 15:37:06
МОСКВА. /РИА Новости/. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришид захидал илгээлээ гэж Умард Солонгосоос ОХУ-д суугаа ЭСЯ мэдэгдсэнийг “РИА Новости” агентлаг уламжлав.

Уг захидалд “Солонгосын хойгт үндэстнийг эвлэрүүлэн нэгтгэж энх тайван, тогтвортой байдалд хүрэхийг эрмэлзсэн өөрчлөлтийн цаг үе ирээд байна. Гэсэн хэдий ч манай улс Өмнөд Солонгостой яриа хэлэлцээ хийж эхэлснийг АНУ-ын удирдагчид урьд өмнө нь авч хэрэгжүүлж байгаагүй хориг арга хэмжээний үр дүн мэтээр тайлбарлаж, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж байна. Манай улсын удирдлага Өмнөд Солонгосын эрх баригчидтай нүүр тулан уулзаж, энхийн харилцааны шинэ хуудас нээхийг хичээж байгаа энэ үед АНУ Солонгосын хойгийн эргэн тойронд нисэх онгоц тээгч цөмийн түлшээр ажилладаг усан онгоцууд бүхий цэргийн цохилтын анги нэгтгэлүүдийг байрлуулж, нөхцөл байдлыг зориуд хурцатгахыг оролдож байна” гэжээ.

АНУ-ын энэ үйлдэлд анхаарлаа хандуулж, үүнийг зогсоохын тулд хүчин чармайлт тавихыг Ри Ён Хо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас хүссэн байна.  
Э.Аянзаяа 
関連ニュース