Шинийн гурванд шагналын хур буулаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-02-19 18:42:11
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөгжлийн түүхийг бичилцэж салбар, салбартаа үнэлэгдсэн шилдэг иргэд 17-р жарны “Тийн унжлагат хэмээх” шар нохой жилийн сар шинийн гуравны билэгт сайн өдөр төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгаас Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 6, Алтан гадас одонгоор 19, Хөдөлмөрийн хүндэт медалиар 10 иргэн шагнагджээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Хяргас сумын өндөр настан С.Анушка, Баруунтуруун сумын иргэн Ч.Батсуурь, Улаангом сумын өндөр настан Т.Лхагвасүрэн нарын хүмүүс шагнуулсан байна. Харин Алтангадас одонгоор “Мөнхийн ундраа” ХХК-ийн гагнуурчин Д.Алтангэрэл, Улаангом сумын 2-р цэцэрлэгийн нягтлан бодогч Б.Насанжаргал, Улсын бүртгэлийн хэлтсийн байцаагч Д.Пүрэвжав, Завхан сумын ЭМТ-ийн ажилтан Х.Цоозол нарын 19 хүн шагнуулсан байна. Тэрчлэн Хөдөлмөрийн хүндэт медалиар НЭ-ийн их эмч Я.Алтангэрэл, “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ажилтан Г.Бадам, Тариалан сумын санхүүгийн албаны дарга Ц.Гомбосүрэн, Улаангом политехник коллежийн багш Р.Итгэл нарын 12 хүн шагнуулсан байна.
Б.Батхүү
関連ニュース