Төвийн бүсийнхэн Хөдөлмөрлөх эрхийн талаарх мэдлэгээ дээшлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-01 13:19:10

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хөдөлмөрлөх эрх ба Үйлдвэрчний эвлэлийн тулгамдсан асуудал, Хүний эрхийн ойлголт болон хүний эрхийн зөрчил, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хүний эрхийн асуудал зэрэг сэдвийн хүрээнд төвийн бүсийн аймгуудын холбогдох мэргэжилтнүүд Баянхонгор хотноо номын дуу сонсч байна.

Энэ удаагийн сургалтад Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, дээрх аймгуудад ажиллаж буй Хүний эрхийн үндэсний комиссын  ахлах мэргэжилтнүүд болон МХГ-ын улсын байцаагч нар оролцож байгаа юм. Дээрх асуудлуудаас гадна сургалтад оролцогчид хамтын гэрээ хэлэлцээр, үйлдвэрлэлийн ослын шалтгааныг судлан тогтоох, ажил хаялт хийх эрх, хөдөлмөрлөх эрх нь хүний эрхийн нэн чухал хэсэг болох, улмаар цалин хөлс, ажил амралтын горим, түүнд тавих хяналт зэрэг сэдвээр мэдээлэл солилцсон байна.

Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрлөх эрх бүрэн хангагдаагүй, нутаг дэвсгэрийн хэмжээнд жигд зөрчилтэй байдаг байна. Ажил олгогч болон ажилтан хооронд байгуулж буй хөдөлмөрийн гэрээний зөрчил, ажлын байрны гэмтэл бэртэл, цалин хөлсний маргаан, нийгмийн хамгаалал бүрэн хангагдаагүй зэрэг зөрчил дутагдал байсаар байгааг талууд хүлээн зөвшөөрсөн. Тиймээс дээрх асуудлыг нэг мөр болгох, хөдөлмөрлөх эрхийг хангахад ахиц гаргах зайлшгүй шаардлага байгааг оролцогчид хэлж байв.
Хөдөлмөрлөх эрх сэдэвт тус сургалтыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хүний эрхийн Үндэсний комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХБНГУ-ын Фредрих Эбертийн сан хамтран зохион байгуулжээ. 
                                                                                                                                    Б.Мөнхзул
関連ニュース