Эх орончдын өдрөөр Н.Жамбаа баатрын хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-01 16:49:34
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын ууган улс төрийн хүчин МАН үүсэн байгуулагдсаны 97 жил, "Эх орончдын өдөр" өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Баянхонгор аймгийн МАН-ын хороо ахмад гишүүд, дэмжигчиддээ хүндэтгэл үзүүлж, сар шинийн золголтыг зохион байгууллаа. Эгнээндээ 9000 орчим гишүүн нэгтгэсэн Баянхонгор аймгийн МАН-ын хорооны золголтод 300 гаруй гишүүд, дэмжигчид иржээ.

Эх орончдын өдрийг тохиолдуулан Баянхонгор аймгийн удирдлага, аймгийн МАН-ын хорооны дарга, тэргүүлэгчид, гишүүд дэмжигчдийн хамтаар Монгол Улсын баатар Норпилын Жамбаа агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн эл өдрийг угтан Баянхонгор аймгийн МАН-ын хороо Баянхонгор сумын намын хороотой хамтран спортын тэмцээн, ЕБС-ын сурагчдын дунд гар зургийн болон зохион бичлэгийн уралдаан зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулжээ. Тухайлбал, улирагч сарын 27, 28-ны өдрүүдэд софт волейболын тэмцээнийг Монгол Улсад шинээр хөгжиж буй тус спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах цаашид тус спорт сонирхогчдын тоог олшруулах зорилгоор зоихон байгуулсан байна. 35-39, 40-49, 50-59, 60-аас дээш гэсэн насны ангилалд нийт 38 багийн 160 орчим тамирчин оролцжээ.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн МАН-ын 28 дугаар Бага хурал нэгдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Баянхонгор хотноо болж, аймгийн МАН-ын 20 сум, 104 багаас сонгогдсон 309 төлөөлөгч оролцсон. Тус хурлаар аймгийн МАН-ын даргаар аймгийн Засаг дарга Г.Батжаргал, намын орон тооны Дэд даргаар Г.Энхбаяр нар томилогдож, 17 тэргүүлэгч шинээр сонгогдож, 145 гишүүнтэйгээр намын хороо шинэчлэгдэн байгуулагдсан байна.
                                                                                                                                            Б.Мөнхзул
関連ニュース