Д.Батцэцэг: Тоглолтыг маань үзэхээр ирсэн хүмүүс давхар сайн үйлсийн аянд нэгдэж байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-07 15:08:02
Баянхонгор /МОНЦАМЭ/. Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын наймны өдөр “Үртэй хүн жаргалтай” уран бүтээлийн тайлан тоглолтоо толилуулах гэж байгаа, аймгийн ХДТ-ын гоцлол дуучин Д.Батцэцэгийг ярилцлагын зочноор урилаа. Тэрээр бие даасан анхны тайлан тоглолтоо угтаж хүмүүнлэгийн, сайн үйлсийн аяныг давхар өрнүүлж чамгүй олон эмэгтэйчүүдийг баярлуулаад амжсан “хөдөлгөөнтэй” нэгэн.

- Уран бүтээлийн тайлан тоглолтынхоо урьтал болгож сайн үйлсийн аяныг өрнүүлсэн тань орон нутагт нэлээд шинэлэг ажил болсныг цөөнгүй хүмүүс хэлж байна. Сайн үйлсийн аяныхаа талаар тодруулахгүй юу?
- Миний хувьд анхны бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтоо энэ жил хийнэ гэж эртнээс төлөвлөсөн байсан. Тоглолт хийгээд, уран бүтээлээ үзэгч, сонсогчдодоо хүргээд өнгөрөх нэг хэрэг. Харин энэ тоглолт маань өөрийн гэсэн утга учиртай, бусдад гэрэл гэгээ, сайн сайхныг бэлэглэх ёстой гэж хувьдаа бодсон юм л даа. Ингээд “Үртэй хүн жаргалтай” тоглолтоо угтсан сайн үйлсийн аяныг зохион байгуулахаар шийдээд хоёрдугаар сараас эхлэн зорилтот бүлгийн айл өрхүүдэд туслах ажлыг зохион байгуулсан. Энд сайн санаатай олон хувь хүн, албан байгууллага нэгдэж, аяныг маань дэмжсэнд баяртай байгаа. Мөн Баянхонгор аймгийн маань эмэгтэйчүүд рүү хандсан үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн бус байгууллага бидэнтэй хамтарлаа. Ингээд бид зорилтот бүлгийн хэсэг эмэгтэйчүүдийг сонгон тэдний санаа бодлыг сонсч, хүнсний бүтээгдэхүүн, хувцас сэлтийг бэлэглэсэн. Түүнээс гадна гуравдугаар сарын нэгэнд “Эрдэнэмандал” ахлах сургуулийн захиргаатай хамтран “Ээждээ захидал бичье” уралдааныг амжилттай зохион байгууллаа. Мөн гуравдугаар сарын хоёронд ээжийн сэдэвт дууны уралдааныг зохион байгуулсан маань маш өргөн хүрээг хамарч, сайхан уралдаан болж чадлаа. Гэхдээ тоглолтын хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагаануудын маань оргил хэсэг нь хараахан задраагүй байгаа.
- ...?
- Сайн үйлсийн аяны явцад зургаан хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйтэй уулзаж танилцсан. Өнөөгийн нийгэмд ганц эмэгтэй хүн зургаан хүүхэд өсгөөд, ар гэрээ авч явна гэдэг тийм амар зүйл биш шүү дээ. Тийм учраас тоглолтынхоо орлого, “Эрдэнэмандал” ахлах сургуулийнхаа хамт олны хандиваар тус өнөр бүлийг өөрийн гэсэн орон гэртэй болгож, амьдралд нь дэм болохоор шийдсэн. Тэгэхээр миний уран бүтээлийн тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүс маань давхар сайн үйлсийн аянд нэгдэж байгаа хэрэг болох нь. Мөн баярын өдөртэй давхцаж байгаа гэдэг утгаараа тоглолтыг маань зорин ирсэн үзэгчдийнхээ дундаас таван азтаныг тодруулж, гар утас болон гарын бэлгээр шагнана.
- Тоглолтын бүрэлдэхүүнийг танилцуулахгүй юу?
- Уран бүтээлчдийн хувьд манай Хөгжимт драмын театрын хамт олон бүгд оролцоно. Бүжиг анги, драм анги, найрал дууны анги, хөгжим анги хамтарч оролцож байгаа.
-“Үртэй хүн жаргалтай” хэмээх дууг монголчууд андахгүй.  Энэ дууг сэргээн дуулах болсон түүхээ бидэнтэй хуваалцаач?
- 2016 онд хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа ханьтайгаа салхинд гарсан юм. Замд радиогоор энэ дуу МУСТА Л.Оюунчимэг агсны дуулснаар явж байсан. Үнэхээр сайхан дуу учраас сэргээж дуулах, дүрсжүүлж ард түмэнд хүргэх санаа тэр үеп төрсөн. Аливаа уран бүтээлийг сэргээж дуулахын тулд ая зохиогчоос эрх авах ёстой байдаг. Харамсалтай нь хөгжмийн зохиолч Л.Батаа гуай бурхан болсон байсан. Тиймээс гэр бүлтэй нь уулзаж, эрх, зөвшөөрлийг нь авч дүрсжүүлж “Үртэй хүн жаргалтай” хэмээх уран бүтээл орчин үеийн сонсогчдод хүргэсэн. Би энэ дуундаа маш их хайртай. Ер нь үртэй хүн жаргалтай байхаас гадна хамгийн баян байдаг. Хэдийгээр амьдралын боломж тааруу, дутагдах гачигдах зүйл байлаа ч гэсэн үртэй хүн энэ хорвоогийн хамгийн баян хүн байдаг учраас тоглолтоо ч энэ дуугаараа нэрлэсэн.
-Урын сангаа баяжуулах тал дээр хэр анхаарч байна вэ?
- Одоогоор урсын санд маань 10 гаруй дуу байна. Миний өөрийн болон ханьтай хамтарсан дуунууд. Мөн ХДТ-ынхаа гурван сайхан бүсгүйтэй хамтарч гурван уран бүтээлийг  хийгээд байна. “Тэнгэрлэг бэрүүд”, “Хүрээд ирлээ шинэ жил”, “Найзууд” гэсэн уран бүтээлүүд дээр хамтарч ажилласан. Энэ онд мөн олон сайхан уран бүтээл хийхээр төлөвлөөд байгаа. Гэхдээ ганцаарчилсан гэхээсээ илүү мэргэжлийн байгууллагад үетэнгийн чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаагийн хувьд тэдэнтэйгээ хамтарч далайцтай уран бүтээл хийхийг чухалчилж байна. Мөн уран бүтээлүүдээ дүрсжүүлэх тал дээр илүү анхаарна.
- Асуултгүй хормыг танд үлдээе.
- Нийгэмд олон янзын асуудал, бэрхшээл байна. Тэр бүхнийг зөөллөж, уярааж явдаг нь эмэгтэйчүүд. Тийм учраас эрчүүд маань ээжүүдээ, эхнэрүүдээ, охидоо үргэлж хайрлаж, хүндэтгэж байвал нийгэм маань өөрөө гэрэлтэж, эерэг уур амьсгалаар бялхах болов уу.
                                                                                                                                     Б.Мөнхзул
関連ニュース