Ногоон байгууламж руу малаа оруулбал торгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-13 14:17:28
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн автозамын голоор тарьсан ногоон байгууламжийг малчдын санаатай болон санамсаргүй үйлдлээр морь, сарлаг орж сүйтгэх болсоор удсан. Тэгвэл аймгийн Хот тохижилтын газраас тус байдалтай холбоотой журмыг боловсруулан, Баянхонгор сумын ИТХ-аар батлуулжээ.
Тус журмаар хотод мал байлгахыг бодлогоор хориглож хязгаарлалтын бүс тогтоосон байна. Энэ хязгаарласан бүсэд буюу ногоон байгууламжид нэвтэрч, хохирол учруулсан малын эзнийг торгох арга хэмжээ авч байх аж. Бод малыг 10.000, бог малыг 5.000 төгрөгөөр хашиж, малчнаас нь гаргуулахыг журамласнаас гадна ногоон байгууламжид учруулсан хохирлыг тооцож нөхөн төлбөр авахаар болжээ. Мөн Зөрчлийн хуулиар эзэнд нь давхар арга хэмжээ авна.
Мэргэжилтнүүд хэлэхдээ, үүний цаана хотын соёл, тоосжилтоос шалтгаалсан хүн амын амьсгалын замын өвчлөлийг бууруулах, малын гаралтай гоц халдвараас сэргийлэх зэрэг эерэг үзүүлэлт гарахыг онцолж байна.
                                                                                                                                            Б.Мөнхзул
関連ニュース