Төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-16 17:51:27
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээний нийт төрийн байгууллагуудын бүтэц, орон тоо, цалин тогтоолт, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, түүний биелэлтэд нэгдсэн хяналт, шалгалтыг анх удаа хийх гэж байна. Шалгалт өнөөдрөөс ирэх сарын дөрвөнийг хүртэл үргэлжлэх аж.
Төрийн албаны стандартыг хангуулах, хүний нөөцийн бодлого, төсвийн төлөвлөлтийг оновчтой хийх, төрийн байгууллагын хүний нөөцийн залгамж чанарыг бий болгох, аймгийн хэмжээний төсвийн  зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэхэд зорилгоор тус шалгалтыг хийж байна.
Аймгийн хэмжээнд 180 орчим байгууллагыг тус шалгалт энэ сарын  22-27-ны өдрүүдэд Баянхонгор, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Баян-Өндөр, Шинэжинст, Баянцагаан, Баацагаан сумдад, энэ сарын 29-ний  өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут, Баян-Овоо, Эрдэнэцогт сумдад хийгдэнэ.
Шалгалтаар байгууллагын бүтэц, орон тоо, батлагдсан төсөв, цалингийн сан, түүний зарцуулалт, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, албан хаагчдын үр дүнгийн гэрээ, түүний биелэлт, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, зөрчилгүй болгох аж.
                                                                                                                    Б.Мөнхзул
関連ニュース