Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажил ирэх сараас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-03-21 15:24:57
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/ цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын бэлтгэлээ хангаад эхэлжээ. Хуурайшилт ихтэй аймгуудад энэ сарын 15-наас тус ажил эхэлсэн бол Сүхбаатар аймгийн хувьд ирэх сарын 01-нээс эхэлнэ. Аймгийн УЦУОШГ одоогоор 40 орчим ширхэг пуужингийн нөөцтэй байгаа аж.

Энэ талаар аймгийн УЦУОШГ-ын дарга Х.Энхбаяраас тодруулахад “Байгаа нөөц маань нэн шаардлагатай үед хүрэлцэнэ гэж тооцож байгаа. Гэхдээ агентлагаас ирэх 07,08 дугаар сард пуужингаар нэмж хангана. Мөн аймгийн засаг даргын нөөцөд 20 ширхэг пуужингийн үнийг суулгаад байна. Ингэхээр манай аймгийн хувьд энэ зун эхний ээлжинд 50-60 ширхэг пуужинтай байхад цаг агаарт нөлөөлөх бүрэн боломжтой. Гол нь тухайн үед цаг агаарын нөхцөл байдал ямар байхаас их шалтгаална. Өнгөрсөн жил гэхэд бүтэн зургаан сар ямар ч нөхцөл бүрдэхгүй, бид нөлөөлөх ажлаа хийж чадахгүй байсан. Энэ жилийн хувьд манай гаргасан урьдчилсан мэдээгээр нийт нутгаар дунджийн орчим буюу дунджаас бага хур тунадас орох төлөв ажиглагдаж байгаа. Ялангуяа 05, 06 дугаар саруудад хур тунадас олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байгаа. Тэгэхээр энэ саруудад цаг агаарт нөлөөлөх ажлууд түлхүү хийх болов уу гэж үзэж байна. Энэ ажилд шаардагдах тоног төхөөрөмжийн засвар, угсралтын ажлуудаа хийгээд байна” гэсэн мэдээллийг өглөө.
Т.Одончимэг
関連ニュース