Сүхбаатар аймгаас БНСУ-д ажиллахаар 45 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-03-22 11:04:00
Сүхбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл тус аймагт энэ сарын 5-7-ны өдрүүдэд хийгдсэн. Аймгийн хэмжээнд нийт 80 хүн бүртгүүлэхээс 45 иргэн бүртгүүлж, материалыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлжээ.

Гэвч Сүхбаатар аймгаас сүүлийн жилүүдэд дээрх гэрээний дагуу ажиллаад ирсэн гэх иргэдийн мэдээлэл байдаггүй юм байна.

Солонгос улсад ажиллах иргэдийн бүртгэл жил болгон хийгддэг ч яг тухайн аймгаас бүртгүүлсэн иргэдээс БНСУ-руу явсан хүн байдаг уу, гэрээний дагуу ажиллаад хугацаандаа ирж чаддаг уу гэх мэдээллүүд бараг байдаггүй. Ийм мэдээллийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ч өгөх боломжгүй гэлээ. Учир нь ХХҮЕГ-аас нэг аймгаас хичнээн хүн хэлний шалгалтандаа тэнцэж, явах боломжтой болсон бэ гэх мэдээллийг асуухаар мэдээлэх боломжгүй гэх хариуг өгдөг. Ер нь бол орон нутгийн иргэд БНСУ-д очиж ажиллах сонирхол маш их байдаг. Гэхдээ яг одоогоор манай аймгаас тэдэн хүн яваад гэрээнийхээ дагуу ажиллаад ирлээ гэх мэдээлэл байдаггүй гэж аймгийн ХХҮГ-ийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Я.Отгон хэллээ.  

Тус аймгийн хэмжээнд энэ оны хоёрдугаар сарын байдлаар 1322 иргэн ажил хайгчаар бүртгэлтэй байна.
Т.Одончимэг
関連ニュース