Х.Баттулга: Дотоодын үйлдвэрлэгчдийг ямар ч тохиолдолд онцгойлон дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-22 15:38:28
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна.
Түүнийг ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй аймгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид Баганат талбайдаа халуун дотноор угтан авч, Зэвсэгт хүчний 339 дугаар ангийн цэргийн хүрээний жагсаал жагсаж хүндэтгэл үзүүлэв. Үргэлжлүүлэн, Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд аймгийн төр захиргааны байгууллагын удирдлагуудтай уулзаад, ард иргэдтэй хийх уулзалтаа 11:00 цагт аймгийн Хөгжимт Драмын Театрт эхлүүллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний хувьд иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилгоор орон нутагт ажиллаж байгаа бөгөөд Баянхонгор 17 дахь аймаг нь болж байна.
Эмэгтэйчүүд, залуучууд, ахмадууд, ажилгүй иргэд, төрийн албан хаагчдын төлөөллийг хурлын индэрт урьж, уулзалтыг хамтдаа хөтлөн явуулахыг Ерөнхийлөгч санал болгосноор нэр бүхий иргэд хурлын тайзнаа тухлан, Ерөнхийлөгчийн Баянхонгор аймгийн иргэдтэй хийх албан ёсны уулзалт эхэлсэн юм.
"Сонгуулийн өмнөх хэсэг хугацааг хүртэл намчирхал талцлыг ор тас мартаж, улс орноо хөгжүүлэхэд гар бие нийж оролцох хэрэгтэй чухал цаг үе иржээ. Миний бие Улаанбаатар хотынхоо есөн дүүрэгт ажиллаад одоо 17 дахь аймагтаа ажиллаж байна. Нийт ард иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, нэгтгэн баримтжуулж дөрөвдүгээр сарын 5-нд хуралдах хаврын чуулганы нээлтэд “жинтэй ажил”-тай орохоор төлөвлөж байгаа юм" хэмээн Ерөнхийлөгч уулзалтын нээснээр иргэдийн санал хүсэлт, сэтгэгдэлүүд үргэлжлэв.
           Ерөнхийлөгч өө, Монгол төрөөс цэвэрлэгдэхийг нь цэвэрлээд, цэвэрлэгдэхээргүй байгааг нь арилгаад өг
Уулзалтын салхийг хагалж, Баянхонгор сумын иргэн н.Батнасан үг хэлсэн. Тэрээр, Таны өмнөх Ерөнхийлөгчид ажлаа хүлээн аваад гадаадын ганган орнуудаар төрийн айлчлал нэрийдлээр тэнээд явчихдаг байсан. Харин та орон нутгаараа ард иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонсож, ажил хэрэг болгохоор Монголоо л гээд явж байгаа тань талархууштай, бахархууштай байна. Монгол хүн байх, Монгол улс үндэстэн оршин тогтнохын эх үндэс нь үндэсний бичиг соёл, эх хэл байдаг. Тиймээс монгол хэлэнд нутагшсан харь үгнүүдээс эхлээд хэлний дархлаагаа сайжруулах талын ажлыг хиймээр байна гэх саналыг хэлэв.
Үргэжлүүлэн санал хэлсэн иргэдийн олонх нь “Улстөрийн намуудын харьяалаллаар ард иргэд хуваагдан, эв нэгдэлгүй болоод байгааг болиулах, оффшор дахь мөнгийг даруй эргүүлэн татаж, нийт ахмадуудын тэтгэвэр тэтгэврийг нэмэх, ард иргэдийн арилжааны банкинд тавьсан өр зээлийг нэг удаа тэглэх асуудлаа ажил хэрэг болгох” зэрэг саналуудыг тавилаа.
Гуравдугаар багийн өндөр настан Д.Дорж хэлэхдээ, “Төрийн толгойд гарсан бусармаг үйлдэлтнүүдийг Цэвэрлэгдэхийг нь цэвэрлээд Цэвэрлэгдэхээргүй байгааг нь арилга” хэмээн үгээ эхэлж, бидний хойч үе болсон үр хүүхдүүдэд өргөн дэлгэцээр үзүүлж харуулж байгаа юмандаа төрөөс анхаардаг байгаач, харь улсын кино хүүхэлдэй, элдэв ташаа мэдээлэл сэлтийнхээ оронд ажил хөдөлмөр сурталчилсан, хүнд хэрэг болохуйц зүйлсийг нэвтрүүлдэг баймаар байна гэсэн санал хэлсэн юм.
Мөн иргэн н.Идэрмөнх “Өнөө байгаа тогтолцоогоороо 30 шахам жил явахад бидэнд өөдөлж дэвжсэн зүйл бараг байсангүй. Тэгэхээр засаглалын хэлбэрээ хэрхэхийг бүх ард нийтийн санал асуулгаар тогтоогоод үзмээр байна. Парламентийн засаглал байх уу, ерөнхийлөгчийн засаглалтай болох уу аль нь бидэнд илүү хэрэгтэй байхыг ярилцах цаг болсон” хэмээн ярив. Түүнээс үргэлжүүлэн ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зүйтэй гэх иргэдийн сэтгэгдэл зонхилох байрт байв. Түүнээс гадна нам засаг солигдоход төрийн албан хаагчдыг хоморголон халдаг байдлыг цэгцлэхгүй бол мэргэшсэн албан хаагч гэх нэр томьёо хэрэглэгдэхээ больж, сонгуулиас сонгуулийн хооронд үргэн салган ажлууд хийгдэж байгаа талаар шүүмжиллээ.

Баянхонгор аймгийн эмэгтэйчүүдийг төлөөлж хурлын индэрт гарсан Монгол Улсын Гавьяат багш Ш.Чимгээ хэлэхдээ, “Хаант болон хамтын засаглалууд аль ч улс оронд байна. Тэгэхээр бидний өнөөгийн байдал тогтолцоондоо биш, намуудын төлөвшлийн асуудалд гол зүйл нь байна” гэсэн бол УИХ-ыг тараах нь зүй, Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв гэх хүмүүс ч байсан юм.
Мөн үеэр төрийн албан хаагчид ч санал хүсэлтээ нээлттэй микрафоны араас хэлж байв. Тухайлбал, Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн эмч Б.Лхамсүрэн “Баянхонгор аймаг сүүлийн хэдэн жил л Нэгдсэн эмнэлэгтээ томографийн аппараттай болох гэж байгаа гэх асуудлыг ярилаа. Хэзээ ажил хэрэг болох вэ” гэж асуусан бол аймгийн БТСГ-ын мэргэжилтэн н.Туваан “1987 оноос хойш ашиглагдаж байгаа манай биеийн тамир спортын байгууллагын барилгаа хуучирч муудан, цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй тулж мэдэх байдалд орсон. Спортын шинэ ордон барихаар таван жилийн өмнө шавж тавьж, ажлыг эхлүүлсэн ч, одоо болтол ажил нь урагшлахгүй байна. Анхаарал хандуулж өгөөч” гэх хүсэлтийг хэлсэн юм.
Хуралд санал сэтгэгдлээ хэлсэн иргэдээс цөөнгүй нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумд уул уурхайн компанид ажиллаж байсан гурван залуу цианидад хордсон асуудлын үнэн мөнийг хэзээ тогтоох талаар, ер нь тухайн нутгийн оршин суугчид цаашид хэрхэн аж төрөх, мал амьтан хүртэл хорддог болсон талаар учирлаж шийдэл хүсч байв.
Энэ мэтээр хурлын эхэнд 47 хүн санал сэтгэгдлээ хэлснээс давхардсан, хувийн шинжтэй асуудлууд зонхилж байсан нь хурлыг үйл ажиллагааг нэлээд сунжруулж, оролцогчдыг чилээгээд авсан юм.
               Х.Баттулга: Нийт ард иргэдийнхээ дэмжлэг, зүтгэлээр “Монгол ялна”
Ерөнхийлөгч Х.Баттулга, Энд үг хэлсэн иргэдийн 90 орчим хувь нь бухимдалтай байгаа нь анзаарагдлаа. Бидний ажилласан аль ч газар байдал ийм л байна. Шударга ёс алдагдаж, баян хоосны ялгаа хэт их болсон нь ард иргэдийн бухимдалын эх үүсвэр нь болоод байгаа юм байна. Энэ байдлыг шийдүүлэхийн тулд та бүхний хэлсэн санал санаачлага бүрийн хаврын чуулганы нээлтээр парламентийн гишүүдэд хүргэж, ажил хэрэг болгуулна хэмээн “тайвшруулав”. Мөн тэрээр газрын доорх баялаг нийт ард түмний өмч байна гээд үндсэн хуулиндаа заачихсан байгаа учир тэр мөнгө нь хаашаа урсаад байгааг мэдэхгүй байгаадаа бухимдаад байна хэмээн ойлгож байгаагаа хэлсэн. Үргэлжлүүлээд Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн голчлон асуусан асуултуудад товч хариулт өгсөн юм.
Явсан газруудад Монгол хэзээ ялах юм бэ гэж иргэд асууж байна. Би хэлэхдээ, 2017 оны долдугаар сард Монгол ялах эхлэл тавигдсан, одоо та бүхний, тодруулбал нийт ард иргэдийнхээ дэмжлэг, зүтгэлээр “Монгол ялна” гэж байгаа.
Та бүхэн намайг гурван удаа УИХ-д сонгож, хоёр удаа Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах боломжийг олгосон. Та бүгд намайг туршлагажуулсан. Одоо энэ туршлагаараа улс орноо өндийлгах бүрэн итгэл байна, та бүгд хамтран зүтгээрэй хэмээн онцолж байв. Энэ ч үүднээсээ Баянхонгор нутгаас УИХ-д сонгогдоод одоо ЗГХЭГ-ын даргын албыг хашиж байгаа Г.Занданшатартай хамтран ажиллаж, улс орны бодлого шийдвэрийн хэлэлцэхийн хажуугаар Баянхонгор аймгийн жишиг аймаг болон хөгжүүлэхэд хамтран ажиллах болно. Энэ уулзалтад ирэхээр байсан боловч цагийн үеийн ажлын улмаас энд ирж амжсангүй гэв.
Та бүхний яриад байгаа бэрхшээлүүдийг шийдвэрлэх гол зам нь ажлын байрыг нэмэгдүүлэх явдал гэж үзэж байна. Ажилтай орлоготой байвал ядуурахгүй, бухимдахгүй, архидахгүй. Тиймээс аж үйлдвэрийн салбараа дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлж ажиллана. МСҮТ-үүдээ түшиглээд ажилгүй иргэдээ ажлын чиг баримжаатай болгож бүтээн байгуулалтад гар бие оролцуулан, цалинжуулснаар улс орон ч ард иргэд ч сайн сайхан амьдрах боломж  бүрдэх юм. Тухайлбал, цэргийн насны залуучуудаа хос мэргэжилтэй болгож, улс орныхоо бүтээн байгуулалтад оролцуулах үүднээс 1-3 жилийн хугацаатай, 2 сая төгрөгийн цалинтайгаар сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаах боломжийг нээж өгье гэж байгаа. Ингэснээр тэд ажилтай орлоготой, цаашлаад амьдралын баталгаатай болохын зэрэгцээ тухайн ажилд хүнсний хангамж, хувцас хэрэглэл, татвар зэргээр дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж, эдийн засгийн өсөлтөө хангах юм. Монголдоо үйлдвэрлэж чадаж байгаа юмыг ямар ч тохиолдолд онцгойлон дэмжиж ажиллана.
Үүнийг эсэргүүцэж байвал манай улсын армийг сул байлгах, ард иргэдийг ядуу байлгах сонирхол давалгайлсан хүмүүс гэж харж байгаа гээд цаашид “Сонгуулийн хэсэг хугацаанаас бусад үед улстөржилтөө зогсоож, нэг зорилгоор улс орноо хөгжүүлэн ажиллая” хэмээв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Баянхонгор аймгийн ард иргэдтэй хийх уулзалт ийнхүү өндөрлөж, талархлын буюу урлагийн тоглолтоор үргэлжилж байна.
                                                                                                                                 Б.Мөнхзул
関連ニュース