“Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-04-03 13:05:43
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Спейшл майнз” компанид гэнэтийн шалгалт хийлээ. Тус уурхайд ажилладаг гурван иргэн ажлын байрандаа цианидад хордсон байж болзошгүй байдалтай эмнэлэгт хүргэгдээд, өдгөө Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа талаар бид улирагч сарын эхээр мэдээлж байсан.
Тэгвэл түүнээс хойш мэргэжлийн байгууллага болоод удирдлагуудын зүгээс тодорхой тайлбар мэдээлэл хийхээс татгалзаж, хордсон эсэхэд хийж буй шинжилгээний хариуг хүлээж байна гэх тайлбарыг өгч байсан юм. Харин өчигдөр буюу дөрөвдүгээр сарын хоёронд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Оюутболд, Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Бямбадорж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Бат-Өлзий нарын зэрэг албаныхан, аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл багтсан ажлын хэсэг Цагаан цахирт ажиллалаа.

_________________________________________________________________________
"Спэйшл майнз ХХК нь Баян-Овоо сумын Цагаан цахирт 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Уурхайн захирал нь Батбаярын Баттөр. Үйл ажиллагаа явуулж эхлэхдээ Чингис Хаан гоулд ХХК нэртэй байсан ба 2010 онд "Спэйшл майнз" ХХК болжээ. Одоо Цагаан цахирт ашиглалтын хоёр лиценз эзэмшдэг. Цагаан овооны лиценз нь 2004 онд, Улаан толгойн зөвшөөрөл 2003 од олгогдсон байна. Лиценз тус бүр олгогдсон оноосоо 30 жилийн хугацаатай. Уурхайн үйлдвэр хоёр лицензийн голд байрлах ба Цагаан овоо нь 298.13 га, Улаан толгой нь 755.2 га талбайтай бөгөөд Улаан толгойд ХАМОДХ-ийн хувиараа ашигт малтмал олборлогч 
200 гаруй иргэнд 30 га талбай олгож ажиллуулж байгаа. “Спэйшл майнз” нь Канадын “Дрипер капитал” компаний хөрөнгө оруулалттай компани. "Дрипер капитал" нь усан боомт, уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. БОАЖЯ-аас цианид натри хэрэглэх зөвшөөрөл олгосон, жил тутамд уг зөвшөөрлийг шинэчлэн олгодог аж"
_________________________________________________________________________

Уурхайн харуулын байрны ажилтан холбогдох хүмүүст хэл дуулгаснаар биднийг 30 орчим насны хоёр залуу тосч уулзаж, учир байдлыг асуув. “Спейшл майнз” ХХК-нийн үйл ажиллагаанд нэр бүхий албан тушаалтнуудын ажлын хэсэг хяналт шалгалт хийж, дүгнэлт гарган улмаар дөрөвдүгээр сарын 15-ны дотор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг даалгасан аймгийн ИТХ-ын тогтоолын дагуу тус шалгалт хийгдэж байгаа юм. Аймгийн ИТХ-ын дарга шалгалттай холбогдох албан бичгийг танилцуулснаар дотогш нэвтрэхээр болж, холбогдох албаныхан, иргэний төлөөлөл орох болов. Шалгалтын багийнхан, Танай үйл ажиллагааг түр зогсоох аймгийн Засаг даргын захирамж гарсан, хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байна гэхэд “Уурхайн үйл ажиллагаа зогссон” гэх тайлбарыг өгсөн ч биднийг уурхайд очсон оройн 19 цагийн орчимд уурхайн ажилчид ээлж солигдож байгаа бололтой, оройн хоолондоо орж байх үе таарлаа. Ийнхүү хардлага төрөх мөчид тухайн ажилчид хэвлэл мэдээллийнхнийг нэвтрүүлэх боломжгүй, шинжилгээний хариу гараагүй байгаа учир бид дур мэдээд урьдчилсан мэдээлэл өгөхгүй гэж цааргалав. Тухайн тайлбарыг бид эрс эсэргүүцэж, "аймгийн төвөөс 60 орчим км замыг туулж ирсэн хэрнээ уурхайн гадна талд хүлээж байж тэвчихгүй, та бүхний уулзалт ярилцлага болоод бодит байдлыг чинь дамжуулах үүрэг бидэнд байна" гэсээр сэтгүүлч, зураглаач нийлэн зургуулаа орох эрхээ зөвшөөрүүлж дөнгөсөн юм.



Уурхайд уулын инженер, үйлдвэрийн дарга, байгаль орчны инженер гэхчлэн тус тусын хариуцсан үүрэг бүхий удирдлагууд ажилладаг ч тухайн үед үйлдвэрийн дарга ажлын байрандаа байж таарав.
Уул уурхай, тэр дундаа цианид ашигладаг уурхайгаар 16 дахь жилдээ ажиллаж буй гэх Т.Ариунболд тус Баяжуулах үйлдвэрийн даргаар ажилладаг байна. Танайх үйл ажиллагаагаа зогсоосон гэж байгаа ч уурхайн байдал, дуу чимээ зэргээс харахад үргэлжилж байгаа юм биш үү гэх асуултыг ажлын хэсгээс тавихад, Үйлдвэрийн дарга хариулахдаа “Уурхайн олборлолт бусад үйл ажиллагаа зогссон, харин үйлдвэрлэлийн ямарваа нэгэн тоног төхөөрөмжийг хэвийн ажиллаж байхад нь шууд кноп дараад зогсоох боломж байдаггүй учир энэ хүртэл хэсэгчилсэн байдлаар тэжээлээ бага багаар өгч бүх зутангуудаа гаргаснаар маргааш гэхэд бүрэн зогсоож болохоор хэмжээнд очиж байгаа. Дотор талд нь бүтээгдэхүүн байгаа учир эвдрэх гэмтэх аюултай байдаг” гэв. Мөн “Хордсон байх магадлалтай гэх хүмүүсийн Хордлогын төвд өгсөн шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа ийм нөхцөлд бид үйл ажиллагаагаа ийнхүү зогсоож, 150 орчим ажилчид маань тодорхойгүй хугацаагаар ажилгүй болж байгааг та бүхэн ойлгох хэрэгтэй” хэмээн хэлж байсан. Хордсон гэх гурван иргэний талаар асуухад, “Нэг нь тэсэлгээний явцад, хоёр нь үйлдвэрт ажиллаж байх үедээ бие нь муудаж, эмнэлгийн тусламж авсан байдаг. Аймгийн Нэгдсэн эмнэлгээс Улаанбааар хот руу нарийн шинжилгээ, эмчилгээ хийлгэхээр явсан ажилчид маань өнөөдрийн байдлаар биеийн байдал сайн, хувийн эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтэж байгаа. Бид байнга холбоотой байгаа” гэсэн юм. Түүнээс гадна тухайн уурхайн ойр хавьд нутагладаг айлуудаас мал учир битүүлгээр үхдэг, зэрлэг ан амьтад хүнээс ч үргэж айхаа больж хэвийн бус болсон байдаг зэрэг санал гомдлыг хэлдэг талаар бид асуухад тухайн үйлдвэрт энэ талаар албан ёсоор хэлж мэдэгдэж, санал шүүмж ирүүлсэн зүйл байдаггүй гэв.
           
    Уул уурхайн хаягдлаас мал хордож байгаа нь баараггүй гэж малчид хэлж байна


Уурхайнхан хэлэхдээ, “Үйлдвэрийн байр руу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нарийн чанд дүрэм журамтайгаас гадна дуу чимээ ихтэй, яриа бичлэг хийх боломжгүй байдаг тул хэн бүр орох боломжгүй” гэснээр хэвлэлийн хэдээс маань зөвхөн нэг төлөөлөл камер сэлтгүй орж, зарим хэсэг нь харуй бүрий болохоос өмнө ойр хавийн оршин суугчдаас гомдол санал бий эсэхийг мэдэхээр “айл хэслээ”. Баян-Овоо сумын нэгдүгээр багийн малчин өрхийнхөөр ороход бага зэрэг сандарсан ч, яг энэ асуудлыг ярихаар хүлээж байсан мэт биднийг угтсан.
Тус айл 10 орчим жил тухайн газар нутаглаж байгаа бөгөөд хэзээнээс л мал гаргахад нь дотор гэдэс нь харлачихсан, ходоодонд нь шороо чулуу, үс ноос, гялгар уут зэрэг хаягдал дүүрсэн байдаг байсан. Мөн ойр орчмын айлуудын мал тодорхойгүй шалтгаанаар үхэх явдал цөөнгүй гардаг талаар хэлэв. Төхөөрсөн малынхаа гэдэс дотрын зургийг аваад, угаалгаж баримтжуулсан байдлаа ч бидэнд үзүүлсэн. Мөн тэрээр, хамгийн сүүлийн жишээ гэхэд гурван бог идээшилж яваад хотондоо ирээд л үхсэн, мөн өчигдөрхөн зам дээр хамар, амнаас нь цус гоожсон байдалтайгаар үхчихсэн үхэр хээр хэвтэж байсныг харсан тухайгаа хэлэв. Тус үхрийн байх газрыг малчнаар нь замчлуулж очсон боловч хэн ч юм тээвэрлээд авч явсан бололтой, харагдах юм байсангүй. Уурхайн хаягдлаас малнууд маань хордоод байгаа нь баараггүй шүү, харин гар аргаар алт олборлогчдынхоос уу уурхайн компанийнхаас уу,  алинаас нь болохыг бид мэдэхгүй. Ямартаа ч уурхайн хаягдлынх нь доогуур явахад л жигтэйхэн үнэр танар байдаг гэв.
 
           Үйлдвэрийн бултуурын төхөөрөмжийг лацдлаа


Биднийг эргэн ирэхэд үйлдвэрлэлийн шат дамжлагыг биеэр үзсэн албаныхан гараад ирчихсэн, албан өрөөнд уулзалт эхэлж байв. Уулзалт ярилцлагын эхэнд бид дээрх байдлыг ажлын хэсэг болон уурхайнханд танилцуулахад, Мэргэжлийн хяналтын байгууллага болоод уурхайд хаяглагдсан бичиг сэлт ирээгүй тул албан ёсны мэдээлэл байхгүй гээд, иргэдийн мэдээллийн мөрөөр ажиллах Мал эмнэлгийн газар зэрэг холбогдох албаныхнаас бүрдсэн ажлын хэсгийг нэн даруй гаргаж ажиллуулахаар болж, тус асуудлыг түр “хойш тавив”. Мөн албаныхан хэлэхдээ, Хуучин хаягдлын цооногийн хяналтын далангийн хоёр цэгээс дээж авч шинжлүүлэхэд цианид илрээгүй гэх хариу гарсан. Улирагч долоо хоногт тухайн уурхайн ойр орчмын хөрс, ус зэргээс дээж авч, шинжлүүлэхээр өгсөн, хариу нь дөрөвдүгээр сарын зургаан гэхэд гарна гэдгийг хэлсэн юм. Хаягдлын далангаас цианид илрээгүй ч иргэдийн дунд үл итгэх байдал байгаа учир эхний ээлжинд танайх хаягдлынхаа даланг битүүмжилж, хийсч бутрахгүй болгох шаардлагатай, албан бичиг ирүүлэх учир ажил хэрэг болгоорой хэмээн аймгийн МХГ-ын дарга Н.Бямбадорж сануулав.
Баяжуулах үйлдвэр бутлалт, нунтаглалт, уусгалт, цианимантац гэсэн дөрвөн шатлалаар үйл ажиллагаа явуулж, хамгийн сүүлд тухайн цианидтай зутангаа саармагжуулах гэсэн процесс явагддаг байна. Хоёр ээлжээр ажилладаг бөгөөд тухайн өдрийнхөө байдлаас шалтгаалж 60-100 тонн хүдэр боловсруулдаг аж.

   Т.Ариунболд: Манай үйлдвэрлэлийн нөхцөлд цианы хий дэгдэх боломжгүй

Баяжуулах үйлдвэрийн дарга Т.Ариунболдоос дараах зүйлсийг тодрууллаа.
-Гуравдугаар сарын тавны өдөр танай үйлдвэрт яг юу болсон талаар тодруулахгүй юу?
-Тухайн өдөр шинэ далангийн ажил эхлээд тэсэлгээний ажил явагдсан. Тэсэлгээний доргилтоос цианидын дамжуулах кноп ажиллаж, халилт үүссэн байгаа. Халилтын хэмжээний хувьд бол бага. Энэ тохиолдол бол үйлдвэрлэлийн явцад гарсан, халилт буюу асгаралт. Цианид хүрэх ёстой хэмжээндээ хүрээд насосоор дамжаад буцаад уусгалтын танк руугаа шилжсэн байгаа. Миний хувьд тухайн байдалд хий үүсэх онцгой нөхцөл байгаагүй гэж бодож байна. Гэхдээ нарийн шинжилгээний хариуг хүлээж байна.
-Тухайн нөхцөлд ажилчид хордлоо гэхэд танайхаас ямар арга хэмжээ авч ажилласан юм бэ?.
-Нэг нь бол ууланд, тэсэлгээн дээр ажиллаж байсан хүн. Харин хордсон байж болзошгүй нөгөө хоёр хүн нь үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс. Биеийн байдал муудлаа гэх үед манай Хөдөлмөр хамгааллын инженер тухайн газар нь очиж, үйлдвэрийн ахлагчтай очиж тухайн хэсэгт агааржуулалт хийж, тэндээс гаргаад уурхайн эмчид шууд хандсан. Эмч шаардлагатай арга хэмжээг авч ажилласан байдаг.
-Газар дээрээ хүмүүсийн биеийн байдал ямархуу байсан бэ?
-Тухайн үед би ажлын байран дээрээ байсан. Надад бол ноцтой зүйл ажилаглагдаагүй. Ажилчдын биеийн байдлыг бид тухайн өдрөөс хойш байнга асууж тодруулж, холбоотой байгаа. Өнөө өглөө асуухад биеийн байдал сайн байгаа гэсэн хариултыг өгсөн. Үндэсний хоргүйжүүлэх төвөөс эмчилгээ дуусч, биеийн байдал хэвийн болсон гээд эмнэлгээс гаргасан байсан. Одоо манай компанийн зүгээс хувийн эмнэлэгт сувилуулж байгаа.
-Цианидын талаар тайлбарлаад өгөхгүй юу. Яг ямар бодис вэ, хүний биед нэвтэрвэл ямар хор хөнөөлтэй талаар.
-Энэ жилтэй нийлээд би цианидтай 16 жил ажиллаж байна. Цианид нь хатуу, шингэн, хий гэсэн гурван төрөлд байдаг. Үйлдвэрт ашиглаж байгаа цианид бол шингэн хэлбэрийнх. Хий дэгдүүлэхгүйн тулд тухайн бодисыг шүлтлэг орчинд байлгах ёстой. Манайх үүнийг та бүхний харсанчлан байнгын хяналтандаа байлгадаг. Байнгын шүлтлэг орчиндоо байдаг гэсэн үг. Энэ нөхцөлд цианы хий дэгдэх боломжгүй.
-Үйлдвэрлэлийн хаягдалд цианид байх боломжтой юу.
-Манайх циан агуулсан зутан буюу тэр хатуу хэсгээ кальцийн гипохлорид гээд саармагжуулах бодисыг ашиглаж, бүрэн хоргүйжүүлсний үндсэн дээр хаягдлын даланд шилжүүлдэг.
-Дээр та хэлэхдээ цианид хальж асгарах тохиолдол нь үйлдвэрлэлийн явцад гардаг зүйл гэж хэлж байсан. Тэгэхээр урьд өмнө нь ийм асуудал гарч байсан гэсэн үг үү.
-Аль ч үйлдвэрлэлийн үед бүтээгдэхүүн савнаасаа хальж асгарах зүйл гардаг. Тухайн орчин ямар үед аюултай болох вэ гэхээр магадгүй бид цианидаа үйлдвэрийн гадна талд алдсан бол аюултай. Үүсээд байгаа энэ нөхцөл байдал бол үйлдвэрийн талбай дотор болсон, асгарсан бүтээгдэхүүн буцаад очих ёстой цэгтээ очсон, тэр цэгээсээ дараагийн дамжлага буюу уусгалтын хэсэг рүүгээ шилжсэн ийм л процесс. Асгаралт болон алдагдалт гэдэг тусдаа зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Танайх гуравдугаар сарын найманд гарсан үйлдвэрийн үйл ажиллагааг түр хаах тухай захирамжид хойрго хандсан тал ажиглагдлаа?
-Манай дээр ажлын хэсэг ирж, тухайн захирамжийг танилцуулсан. Бидэнд шууд л кноп дарж унтраах боломж байдаггүй учир хугацаа шаардагдсаар энэ хүрсэн. Үйлдвэрийн дамжлагуудад байгаа цианидыг саармагжуулахын тулд тодорхой хугацаа шаарддагийг та бүхэн сая үйлдвэрийн байр, шат дамжлагатай танилцахдаа харсан байх. Тэгэхээр Засаг даргын захирамжийг биелүүлээд явж байгаа гэсэн үг. Энд үйлдвэрлэлийн биш, тоног төхөөрөмжин дэх үлдэгдлийг хоргүйжүүлээд, саармагжуулж цэвэрлэх ажил дуусах шатандаа явж байна аа гэж ойлгож болно. 
-Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тань яг хэзээ бүрэн зогсох вэ?
-Хамгийн гол буюу цианидаа унагаах ажил маань өдий хүртэл үргэлжлээд, танкан доторх цианид маань маш бага түвшинд очоод байгаа. Тэгэхээр маргааш гэхэд зутангуудаа бүгдийг нь гаргаж дуусгахаар ажиллаж байна.
       
   
 Ц.Отгонбаяр: Захирамж гараад 20 гаруй хонож байхад танайх хариуцлагагүй хандсан байна


Дээрх хариултыг өгсний дараа аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, тэгвэл маргааш ирж танай үйлдвэрийн бүр тоног төхөөрөмжийг лацдая гэсэн бол Мэргэлжийн хяналтын газрын байцаагч Б.Дарханбаяр дээрх шат дамжлагуудын хамгийн эхний буюу бултуурын төхөөрөмжийг өнөөдөртөө лацдах шаардлагатай гэж үзэж байна, ингэснээр үйлдвэрт баяжмал орж, үйл ажиллагаа үргэлжлэх боломжгүй гэсэн юм. Ийнхүү албаныхан бутлуурын төхөөрөмжийг лацдаж, дөрөвдүгээр сарын 3-4-нд үлдсэн бусад төхөөрөмжийг лацдаж, хаах арга хэмжээг авахаар боллоо. Ийнхүү шинжилгээний хариу, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарах хүртэл тус уурхайн үйл ажиллагааг бүрэн зогсоож байна.
Тус үйлдвэрийн ажилтнууд хэлэхдээ, шинжилгээний хариу тодорхойгүй, байдал хэрхэх нь мэдэгдээгүй байгаа нөхцөлд та бүхний гэнэтийн шалгалт эргээд бидний бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөх вий гэдэг дээр эргэлзэж байгаагаа нуусангүй. Өөрөөр хэлбэл манайхны өгч байгаа тайлбар мэдээллийг буруугаар мушгиж, нэр хүндэд халдах явдал гарахгүй гэх баталгаа байхгүй, бүх зүйл тодорхой болсны дараа тайлбар мэдээлэл өгөх ёстой гэсэн удирдлагуудынхаа шийдвэрийн “эсрэг” ийнхүү мэдээлэл өгснөө учирлаж байсан. Харин Ц.Отгонбаяр, “Захирамж гараад 20 гаруй хонож байхад танайх хариуцлагагүй хандсан байна. Танай үйл ажиллагаа зогссон гэж ойлгож энэ хүрсэн. Гэтэл газарт нь ажиллаж, хяналт шалгалт хийснээр илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй боллоо” гэх хариултыг өгөв.
                                                                          Б.Мөнхзул
関連ニュース