“Мангасын ам”-ыг гэрэлт гудамж болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-04-06 21:27:51
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын төвд байрлах нэгэн гудамжийг нутгийнхан “Мангасын ам” гэж нэрлэдэг. Энэ гудамжинд архины хамааралтай хүмүүс тогтмол цуглаж, архидан согтуурдаг. Хотын төвд байрладаг болохоор олны хөл хөдөлгөөн тасардаггүй. Тиймээс тус гудамжийг гэрэлт гудамж болгох санаачлагыг гаргажээ.

Тус санаачлагыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар /ЦГ/-ын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан байна.

“Мангасын аманд томчууд архидаж, хоорондоо зодолдох тохиолдол цөөнгүй гардаг. Хэдийгээр тус гудамжинд бага насны хүүхдүүд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөөгүй ч өртөх өндөр эрсдэлтэй. Хамгийн их хүн зорчдог гудамж хирнээ ямар ч гэрэл гэрэлтүүлэг байдаггүй. Тиймээс бид хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж дээрх санаачлагыг гаргасан. Одоогоор зураг төсөл гаргах, хамтран ажиллах багаа бүрдүүлэх байдлаар ажлаа эхлүүлээд байна” гэж аймгийн ЦГ-ын Хүүхдийн ахлах байцаагч,цагдаагийн ахмад Б.Ариунтуяа хэллээ.

Мөн эмэгтэйчүүдийн зөвлөл “Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг иргэдийн дунд өрнүүлж, улмаар тус хэлэлцүүлгээс гарсан санал санаачлагуудыг шат дараатайгаар ажил хэрэг болгохоор төлөвлөжээ.
Т.Одончимэг
関連ニュース