Хөгжлийн бэрхшээлтэй 17 иргэний төслийг 50 сая төгрөгөөр санхүүжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-30 12:45:09
Архангай /МОНЦАМЭ/.  Архангай аймаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаанд байдаг хүүхдээ асарч буй эцэг эхийн аж ахуй, өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, хөгжүүлэх зорилгоор төсөл хүлээн авсан байна. Нийт 31 төсөл ирснээс 17 иргэний төсөлд 50 сая төгрөгийн эргэн төлөлттэй санхүүжилтийг олгожээ. Энэхүү зээлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд 4 жилийн хугацаанд ямар нэг хүүгүйгээр эргэх төлөх юм.

Эдгээр бизнесээ эхлүүлэх гэж бас өргөжүүлэх гэж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, асран хамгаалагч 31 иргэнд аж ахуй эрхлэлтийн “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” сургалтыг Архангай аймгийн хоршооны мэдээллийн сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулж, 930.000 төгрөгийг зарцуулж, чадамжийн гэрчилгээ олгосон байна.

Уг сургалтаар маркетингийн тухай ойлголт, маркетингийн судалгаа, маркетингийн орчин үеийн хандлага, үйлчилгээний соёл ба харилцаа, маркетингийн үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг таван сэдвээр сургалтыг явуулжээ. Сургалтын үр дүнд суралцагчид хэрхэн ашиг олох, орлого зарлагаа тооцох, бараа материалын нөөцөд хэрхэн хяналт тавих, өрсөлдөгч гэж хэн болох талаарх мэдлэг олж авчээ.

Мөн ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хувиараа аж ахуй, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 5 ахмадын төслийг шалгаруулан 15 сая төгрөгийн эргэн төлөлттэй санхүүжилтийг олгосон байна. Тэд 2 жилийн хугацаанд эргэх төлөх юм. 
Б.Гэрэлт-Од
関連ニュース