Сумдын спортын наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-14 16:27:03
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Биеийн тамир спортын газар байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Олимп-Эв нэгдэл” спортын наадам сагсан бөмбөг, шатрын тэмцээнээр эхэллээ. Наадамд 13 сумын 13 багийн 600 гаруй тамирчин оролцож байна.

“Бид Дарьганга сумаас тамирчид, багш дасгалжуулагч, сумын удирдлагууд гээд 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирлээ. Спортын наадмын хувьд олон жилийн дараа болж байгаа учир бид маш их ач холбогдол өгөхийн зэрэгцээ талархан оролцож байгаа. Учир нь спорт бол эв нэгдэл. Бүх сумдтайгаа ингэж спортын тэмцээн уралдаанаар өрсөлдөлгүй удаж. Энэ удаагийн наадам олон хүмүүсийн хүлээлт байсан гэж хэлж болох байх. Биднийг тэмцээндээ оролцоход, бэлтгэл сургуулилтаа хийхэд сум орон нутгийн удирдлагууд, албан байгууллагын дарга нар их туслаж дэмжсэн. Зөвхөн манай сургулиас гэхэд 10 гаруй багш ирсэн. Тиймээс бид амжилт гаргахын төлөө хичээх л үлдээд байна.” хэмээн Дарьганга сумын ЕБС-ийн биеийн тамирын багш С.Энхтөр хэллээ.

“Хамгийн сүүлд 2000 оны сүүлээр сумдын урлаг, спортын наадмыг хийж байсан. Түүнээс хойш 20-оод жилийн дараа энэ наадам маань болж байна. Тэр ч утгаараа манай сумдууд маш өндөр зохион байгуулалттай оролцож байгаад талархалтай байна. Сум бүр орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжиж шинэхэн үйлдвэрийнхээ оёсон, өөрийн сумдын лого, таних тэмдэг бүхий хувцас, өмсгөлөөр жигдэрсэн нь үнэхээр сайхан санагдлаа. Наадмын эхний өдөр сагсан бөмбөг, шатрын тэмцээнүүд явагдаж байна. Үлдсэн өдрүүдэд крос гүйлт, гар бөмбөг, үндэсний шагайн харваан тэмцээнүүд явагдана. Ер нь энэ долоо хоногийг Баруун-Уртчууд маань спортоор амьсгалж өнгөрүүлнэ.” гэж аймгийн БТСГ-ын ахлах дасгалжуулагч Ц.Ганбат ярилаа.

“Олимп-Эв нэгдэл” сумдын спортын наадам энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
 Т.Одончимэг
 
 
関連ニュース