МСҮТ-ийг 100 гаруй суралцагч төгслөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-19 18:56:35
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн суралцагчид Зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт өдөр төгсөлтийн баяраа тэмдэглэлээ. Энэ онд тус төвийг тогооч, мужаан, барилгын өрөг угсрагч, барилгын засал чимэглэл, оёдолчин, ардын хөгжим бүжиг гэсэн зургаан мэргэжлээр 100 гаруй суралцагч төгсөж байна.

“Манай МСҮТ-ийн хувьд 2017-2018 оны хичээлийн жилд ардын хөгжим бүжгийн ангийн анхны төгсөлт гэдгээрээ ихээхэн онцлог байгаа. Тус ангийн суралцагчид онолоо сургууль дээрээ үзээд, бусад цагт Жаахан шарга театрын уран бүтээлчидтэй тогтмол дадлага хийж, тоглолтонд оролцоод явдаг учир их сайн бэлтгэгдсэн гэж үзэж байгаа. Мөн бусад ангийн суралцагчдын сургалтын чанар ч өссөн үзүүлэлттэй байгааг хэлэхэд таатай байна. Бид нийт төгсөгчдийнхөө дунд судалгаа явуулахад 70 гаруй хувь нь ажлын байраар хангагдсан байдаг. Энэ бол манай төгсөгчдийн чадварыг илтгэж буй хэлбэр гэж ойлгож байна. Энэ жилийн тухайд мөн манай барилгын ангийн төгсөгчдөөс Их модун ХХК ажилтан авахаа мэдэгдээд байна” гэж МСҮТ-ийн захирал Д.Гантулга хэллээ.

Тус МСҮТ нь өөрийн үндсэн сургалтуудаас гадна энэ оноос хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт явуулах эрхтэй болсон бөгөөд одоогоор 200 гаруй албан хаагчид дээрх чиглэлээр сургалт явуулжээ.
Т.Одончимэг
関連ニュース