Малын эмч нар ажлын байран дээрээ магистрын сургалтаа авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-21 15:56:47
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мал эмнэлгийн алба болон сумдын мэл эмнэлэг үржлийн тасаг, хувийн хэвшлийн мал эмнэлгийн их, бага эмч нартаа магистрын сургалтыг ажлын байран дээрээ авах боломжийг нь бүрдүүлж өгчээ. ХААИС-ийн эрдэмтэн багш нар эдгээр өдрүүдэд малын эмч нарт зорилусан магистрын сургалтыг орон нутагт эхлүүлээд байгаа бөгөөд цаашид хичээл онлайн хэлбэрээр явагдах аж.

Энэхүү сургалтын талаар ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал Д.Алимаа мэдээлэл өгөхдөө “ХААИС ахисан түшний сургалтаа магистрын 49, докторын 31 хөтөлбөрөөр явуулдаг. Үүнээс Мал эмнэлгийн сургууль нь мэргэжлийн магистрын хөтөлбөрийг хоёр удахь удаагаа онлайн хэлбэрээр явуулаад байна. Онлайн сургалт маань өөрөө маш олон давуу талтай. Эмч нар ажлынхаа байрнаас хөндийрөхгүйгээр ажлаа хийнгээ манай багш нарын боловсруулсан тусгай программаар сургалтаа авдагаараа онцлог. Лекц болон шалгалтаа энэхүү программаараа өгнө гэсэн үг. Харин шаардлагатай тохиолдолд мэргэжлийн багш нар ур чадварын хичээлийг газар дээр нь ирж заах боломжтой. Дараагийн олгож буй дауу тал бол ахисан түвшний сургалтанд хамрагдагсад оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой болсон. Тэгэхээр оюутнууд маань үндсэн 10 кредитний мөнгөө өөрсдөө төлөөд үлдсэн хувийг төрөөр төлүүлнэ гэсэн үг. Энэ бол маш том боломж гэж бид харж байгаа.” гэв.

ХААИС нь сургалтын их  сургуулиас судалгааны их сургууль болох бодлогыг барьж байгаатай холбоотойгоор онлайн сургалтуудаа сүүлийн жилүүдэд эрчимжүүлжээ. Мал аж ахуйн чиглэлээр ахисан түвшний хамгийн анхны онлайн сургалтаа өнгөрсөн онд Сэлэнгэ аймагт явуулсан байна.
Т.Одончимэг
関連ニュース