Тарьсан модоо арчлан ургуулахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-25 20:38:21
Архангай /МОНЦАМЭ/. Энэ жил Архангай аймгийн хэмжээнд “Тарьсан модоо арчлан ургуулъя” уриан дор хаврын мод тарих өдрийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зохион байгуулсан. Бүх нийтээр мод тарих өдрөөр аймгийн хэмжээнд ажилтан албан хаагчид нийтийн болон байгууллага аж ахуйн нэгжийн эзэмшлийн сад, зам дагуух сад, цэцэрлэгт хүрээлэнд, харин иргэд хашаандаа мод, гоёл чимэглэлийн болон жимсний бут сөөг тарьсан байна.

Өөрөөр хэлбэл, хуш, гацуур, шинэс, нарс, улиас, хайлаас, шар хуайс, гүйлс, монос, үхрийн нүд, голт бор, чацаргана, агч зэрэг 20 гаруй нэр төрлийн 3906 ширхэг шилмүүст болон навчит мод, 3309 ширхэг бут, сөөгийг 166 аж ахуйн нэгж, байгууллагын 1324 ажилтан, албан хаагч, иргэдийн оролцоотойгоор тарьжээ.

Энэ хаврын мод тарих үндэсний өдрийг аймгийн Засаг даргын дэргэдэх Сум дундын ойн анги, Хот тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулжээ.
Б.Гэрэлт-Од
関連ニュース