Архангай аймаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-30 16:11:27
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөртэй боллоо. Хөтөлбөрийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-ний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар баталсан бөгөөд өнөөдөр хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудыг хөгжлийн газраас зохион байгуулав.
Энэ үеэр гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатар “Гэр бүл гэдэг нь юунаас ч илүү чухал, эрхэм үнэт зүйл юм. Хүүхэд бүр аав, ээжийгээ даган дуурайдаг учир эцэг эхчүүд өөрсдөө төлөвших ёстой” гэсэн агуулгыг илэрхийлсэн лекцийг өсвөр үеийнхэн болон залуучуудад уншлаа.

“Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөр нь 2018-2020 он хүртэл хэрэгжих бөгөөд орон нутгийн төрийн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийн түншлэл, хамтын ажиллагаанд суурилан тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын асуудлыг дэмжих зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд гэр бүлийн чиглэлээр 5 зорилт, 23 үйл ажиллагаа, хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар 4 зорилт, 43 үйл ажиллагаа, залуучуудын хөгжлийн асуудлаар 5 зорилт, 25 үйл ажиллагаа явуулах юм байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース