Хорих байранд номын сан байгуулахаар ном хандивлах аян өрнүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-30 17:51:08
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит аймгийн Нийтийн номын сан, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэс /ШШГХ/-тэй хамтран “Ном” хандивын аяныг нэг сарын турш өрнүүлсэн юм. Аяны хүрээнд хувь хүн, албан байгууллагуудаас нийт 1000 гаруй ном цугласныг өнөөдөр ШШГХ-ийн хамт олонд хүлээлгэн өглөө. Цаашид ШШГХ нь хорих байрандаа номын сан байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Хорих ангид ял эдэлж буй хүмүүжигч нарыг нийгэмшүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв, үр дүнтэй өнгөрүүлэх, бие даан сурч боловсрох орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тус аяныг зохион байгуулжээ.

“Аймгийн нийтийн номын сан нь ШШГХ-тэй хамтран ажиллаад зургаан сар болж байна. Хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан томоохон ажлын нэг нь энэхүү хандивын аян байлаа. Иргэд ч идэвхтэй хамрагдаж, сүүлийн жилүүдэд цуглаж байгаагүй их ном цугласанд бид баяртай байгаа. Хамгийн гол нь эдгээр ном нь хоригдож буй иргэдийн сайн сайхны төлөө ашиглагдах учир иргэдийн хандах хандлага ч өөр байсан байх. Ер нь манай иргэд номын сангийн үйл ажиллагааг маш сайн дэмжиж, зарлаж буй аянд тогтмол идэвхтэй оролцдог. Гэхдээ энэ удаагийнх илүү үр дүнтэй байлаа.” гэдгийг аймгийн Нийтийн номын сангийн номын санч В.Энхтуяа онцлон хэллээ.

Хандивын аянаар цугласан 1000 гаруй номонд нийгэм, соёл урлаг, нэвтэрхий толь бичиг, анагаах ухаан, хөдөө аж ахуй, боловсрол, хууль эрх зүй, монгол ёс заншил, ардын аман зохиол, гадаадын болон Монголын зохиолчдын зохиолын ном, сурах бичиг, гарын авлага, сэтгүүл зэрэг багтжээ.

“Эдгээр ном нь хоригдогчдын сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэхээс өөрийгөө хөгжүүлэх, мэдээ мэдээлэлтэй болох, цаашид нийгэмшихэд нь тус болох болно. Нөгөө талаар суллагдан гарахад нь нийгмийг үзэх үзэл нь өөрчлөгдөж, сэтгэл санааны хувьд илүү сайн бэлтгэгдэх болов уу гэж бодож байна. Цаашид хорих байранд номын сан байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ ажилд маань дэмжлэг үзүүлж, бидний аяныг дэмжин ном хандивласан хувь хүн, албан байгууллагуудад талархал илэрхийлье” хэмээн ШШГХ-ийн тоо бүртгэлийн байцаагч, дэслэгч Ц.Батзориг ярилаа.
Т.Одончимэг 
関連ニュース