Бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах уралдаанд Увсынхан амжилттай оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-06-13 21:27:16
 Увс /МОНЦАМЭ/. Баруун бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан, салбарын сургалт, урлаг, спортын наадам Говь-Алтай аймагт энэ долоо хоногийн эхээр болсон байна. Энэхүү уралдаанд Увс аймгийн хоол үйлдвэрлэлийн газрын төлөөлөл амжилттай оролцоод иржээ.
Тухайлбал, Эмнэлэг, сувиллын хоол үйлдвэрлэлээр Баруунтуруун сумын эмнэлгийн тогооч Ц.Алтанцэцэг тэргүүн байр эзлэж, алтан медаль хүртсэн байна. Тэрчлэн, Сургууль, цэцэрлэгийн хоолны төрөлд Улаангом сумын 2-р цэцэрлэгийн тогооч М.Гантуяа дэд байр, Ерөнхий боловсролын 5-р сургуулийн тогооч С.Ононтуул 3-р байр, 7-р цэцэрлэгийн тогооч И.Цоггэрэл тусгай байр эзэлжээ. Мөн түүнчлэн Бялуу нарийн боовны төрөлд “Өнхрүүш” цехийн бялуу чимэглэгч Д.Батцэцэг дэд байр, Б.Цэцэгсүрэн тусгай байр, Орон нутгийн бренд хоолны төрөлд Цогцолбор 1-р сургуулийн тогооч Н.Отгонжаргал Батламж, Европ хоолны төрөлд “Ханхөхий” рестораны тогооч Б.Анхбаяр тусгай байр, Зөөгчийн үйлчилгээний төрөлд “Ханхөхий” рестораны Ү.Энхтулга 3-р байр тус тус эзэлсэн байна. Үүнээс гадна Хослол дууны төрөлд “Ханхөхий” рестораны тогооч Б.Анхбаяр, бялуу чимэглэгч Д.Батцэцэг нар тэргүүн байр, Гоцлол дууны төрөлд М.Гантуяа тусгай байр хүртжээ.
Баруун бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан нь салбарын ажиллагсдыг идэвхжүүлж, ур чадвараа дээшлүүлсэн, бие биеэсээ суралцаж, мэргэжлээ сурталчилсан өндөр ач холбогдолтой ажил боллоо хэмээн зохион байгуулагчид нь дүгнэсэн аж.
Б.Батхүү
関連ニュース