Баян-Өлгийд үерт нэрвэгдсэн өрхийн тоо 530-д хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод энэ сарын 14-16-ны өдрүүдэд буусан уулын үерт 530 өрхийн 2512 иргэн болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэг өртсөн талаар аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Одоогоор аймгийн Онцгой байдлын газар, зэвсэгт хүчин болон хилийн цэргийн ангиуд, Цагдаагийн газар, Цахилгаан шугам сүлжээний газар, Өлгий сумын Засаг даргын тамгын газар зэрэг 18 байгууллагын 551 хүн, 24 нэгж техник гамшгийн голомтод ажиллаж байна. Мөн Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын Онцгой байдлын газраас 30 алба хаагч, дөрвөн нэгж техник нэмэлтээр иржээ.
Үерийн гамшгийн голомтоос нийтдээ 449 иргэнийг аюулгүй газарт татан гаргаж, 163 иргэнийг түр хорогдох байранд байрлуулсан бөгөөд 43 айлыг нүүлгэн шилжүүлээд байна. Түүнчлэн радио, телевизийн өргөн нэвтрүүлэх антенний хашаанд хуримтлагдсан их хэмжээний үерийн усыг тогтоон барих 1,1 км далан босгосон ч сэтрэх аюултай байсан тул 300 метр шуудуу татан Эрчимбаян-Өлгий компанийн илүүдэл ус зайлуулах цөрөмд юүлжээ.
Улсын Онцгой комиссын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Өлгий хотод ажиллаж байна. Тус ажлын хэсгийн ахлагчийн тайлбарласнаар энэ удаагийн үерийн хохирлын хэмжээ 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр буусан үерийн хохирлоос урьдчилсан байдлаар тав дахин их гарахаар байна.
Өнөөдөр аймгийн Онцгой комисс дөрөв дэх удаагаа хуралдаж цаашид авах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэв. Тэрбээр ойрын хугацаанд зайлшгүй шаардагдаж буй аврах, эрэн хайх, үерт автагдсан газрыг халдваргүйжүүлэх, орон гэргүй болсон иргэд болон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн хоол хүнс, тээвэр шатахууны зардал зэрэг хөрөнгө мөнгөний асуудлыг улсын Онцгой комисс уламжлан шийдвэрлүүлэхээр тогтлоо.
Ө.Нурболат