Үзэсгэлэн худалдааны үеэр 50 сая төгрөгийн борлуулалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-09-18 14:52:42
Дорнод /МОНЦАМЭ/. Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл- 2018” үзэсгэлэн худалдаанд оролцогчид нийтдээ 49.6  сая төгрөгийн борлуулалт хийжээ. Дорнод аймгийн ХХААГ-аас дээрх арга хэмжээг 13 дахь жилдээ зохион байгуулахад  Дорнод аймгийн 13 сум, Хэнтий аймгийн Дадал сумын есөн  аж ахуй нэгж, 75 иргэн 15 төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцсон байна.
Албаныхан 11 төрлөөр шилдгүүдээ тодруулахад шилдэг үйл ажиллагаатай агропаркаар Цагаан-Овоо сумын агропарк Р.Төмөрхуяг, экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Хэрлэн сумын иргэн С.Баттулга өөрийн хүлэмжид тарьж ургуулсан байцаагаар, өрхийн тариаланчаар Хэрлэн сумын иргэн Б.Оюунгэрэл, шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүнээр Баянтүмэн сумын иргэн Х.Отгонбаярын сүү, цагаан идээ шалгарсан.
Мөн Баяндун сумын иргэн А.Өлзийсайханы тарьж ургуулсан улаан хальст сармис худалдан авагч ихтэй байсан учир шилдэг брэнд бүтээгдэхүүнээр шалгаруулжээ. Тэрээр анх удаа тал нутагт Хөвсгөлийн улаан хальст сармисыг тарьж туршсан нь өгөөжөө өгсөн аж.   
Харин Дашбалбар сумын иргэн Б.Шинэ-Эрдэнэ өөрийн үйлдвэрлэсэн арьсан гутал шилдэг оёмол бүтээгдэхүүний шагнал хүртсэн бол шилдэг мод, модон бүтээгдэхүүнээр Матад сумын иргэн Х.Ундрахын үйлдвэрлэсэн гэрийн мод, шилдэг бэлэг дурсгалын бүтээгдэхүүнээр Гурванзагал сумын Л.Бямбадоржийн хийсэн модон болон ясаар үйлдвэрлэсэн төрөл бүрийн бүтээгдэхүүн, Шилдэг шинэлэг бүтээгдэхүүнээр Халхгол сумын иргэн Н.Нямбаатарын үйлдвэрлэсэн мангирийн толгой шалгарсан байна.
Харин “Шилдэг зохион байгуулалттай оролцогч сум”-аар Гурванзагал сум, “Шилдэг зохион байгуулагч мэргэжилтэн”-ээр Чойбалсан сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн Ц.Хүрэлчулуун  тус тус шалгарчээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ