ОХУ-аар дамжин өнгөрөх тээвэрт 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-14 11:41:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр энэ сарын 07-ноос мөрдөгдөж эхэллээ.

Далайд гарцгүй орны хувьд эскпортын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах далайн боомтуудтай болох, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор уг хэлэлцээрийг байгуулах ажил 9 жил үргэлжилсний эцэст энэ оны 6 дугаар сарын 08-нд хоёр орны холбогдох салбарын сайд нар гарын үсэг зурсан юм. Ингэснээр Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 2043 оны 9 дүгээр сарын 07-ныг хүртэл буюу 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэхээр болов. Тухайлбал, нүүрсний тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах нөхцөл бүрдэнэ. Мөн төмөр замаар дамжин өнгөрөх ачааг улсын хилээр нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх нөхцлийг бүрдүүлэх, ачаа тээврийн өсөлтийг дэмжих, эрчим хүч болон төмөр замын тээврийн суурь бүтцийн хөгжил, харилцан уялдааг хангах замаар Монгол Улсын экспортлогчдод далайд саадгүй гарах нөхцөл бүрдэж байна.

Мөн бусад чиглэлийн дамжин өнгөрөх ачаа тээврийн тарифтай өрсөлдөхүйц байхаар хэлэлцээрт тусгасан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас БНХАУ-аар дамжуулан тээврлэж буй ачаа тээврийн тариф буурсан тохиолдол хоёр орны холбогдох салбарынхан тохиролцож, ОХУ-аар дамжих тээврийн тарифыг бууруулах боломжтой аж.
Холбоотой мэдээ