Хөдөлмөрийн баатар Э.Содномпэлжээ ДАШТ-ээс ес дэх медалиа хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-17 10:08:57

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Египетийн Каир хотод болж буй пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хөдөлмөрийн баатар Э.Содномпэлжээ мөнгөн медаль хүртлээ.


Тодруулбал, насанд хүрэгчдийн 107 кг-ын жинд паралимпын наадмын аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпэлжээ 243 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртэв. Ингэснээр тэр ДАШТ-ээс ес дэх медалиа зүүж байгаа нь энэ. Түүний хувьд гурван алт, зургаан мөнгөн медальтай боллоо.


Энэхүү жинд Ираны тамирчин Гарибшахи Алиакбар 255 кг-ыг шахаж түрүүлсэн бол АНУ-ын Боди Бобби 237 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртсэн байна.


Тэгвэл насанд хүрэгчдийн 54 кг-ын жинд өрсөлдсөн дэлхийн цомын аварга аварга Д.Жигмэд залуучуудын ангиллын дээд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоожээ. Энэ ангиллын дээд амжилт 151 кг байдаг бол Д.Жигмэд эхний оролтоороо 153, дараагийнхаар нь 155 болгон шинэчилсэн байна.







Холбоотой мэдээ