Аймгийн залуучуудын зөвлөл байгуулах санал тавив

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 22:52:40

Өвөрхангай аймгийн ИТХ-аас 2016 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн залуучуудын төлөөлөлтэй уулзлаа.

Ойрын хугацаанд жилийн ажлыг зохионбайгуулах хороог Засаг даргын шийдвэрээр байгуулж, зорилтот ажлын төлөвлөгөөг гаргах юм. Үүний өмнө Засаг даргын зүгээс аймгийн Залуучуудын байгууллагын удирдлагуудтай уулзаж санал бодлыг нь сонсох, цаашлаад эдгээр байгууллагуудаар дамжуулан аймгийн шат, давхарга бүрийн нийт залуучуудтай уулзалт зохион байгуулах бодолтой байгаагаа энэ үеэр хэллээ.

Тэрээр залуучуудын өмнө тулгамдсан маш олон асуудал байгаагийн нэн түрүүнд ажлын байрны хомсдол их байгааг онцоллоо. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй 2000 орчим ажилгүйчүүдийн 60 орчим хувь нь 16-34 насны залуучууд байгаа юм. Тиймээс юуны өмнө залуучуудыг ажлын байртай болгох, бие даасан хөдөлмөр эрхлэхэд нь чиглэсэн ажлыг зохион байгуулна гэлээ.

Мөн залуучуудын эрүүл мэндийн асуудалд анхаарах, сэтгэлгээ хандлагыг өөрчлөх шаардлагатай байгааг хэллээ. Гэмт хэрэг үйлдэх, архины хамааралтай болох гээд олон сөрөг хандлага залуучуудад илэрч байгаа нь санаа зовоосон асуудал болохыг аймгийн Засаг дарга дарга онцолж байв. Гэвч залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг жилийн зорилтот ажил болгосноороо бүгдийг шийдвэрлэж өгнө гэсэн хэрэг биш, харин тулгамдаж байгаа асуудлынхаа дарааллыг бий болгож, шийдвэрлэх гарцыг олох, ажлын арга барил бий болгох, сөрөг сэтгэлгээ хандлагыг өөрчлөхөд голлон анхаарна гэж залуучуудын төлөөлөлд анхааруулсан юм.

Өвөрхангай аймгийн хэмжээнд залуучуудын 20 гаруй байгууллага бий гэсэн тоо байх бөгөөд уулзалтад “Найзууд нэг үеийнх” ТББ, “Хас хэлхээ” ТББ, “Хариуцлагатай залуу манайлагч” клуб, “Бид” клуб, Өвөрхангай аймгийн Залуучуудын холбоо, Оюутны холбоо, Арвайхээр сумын 1, 2 дугаар сургуулийн “Залуу багш” клуб, “Тэсрэлт” клуб, СӨББ-ын байгууллагын “Манлайлагч клуб, “Залуусын элч” ТББ, НАМЗХ-ны Өвөрхангай аймаг дахь салбар, “Бриллиант” клуб, “Соёмбот хангай” ТББ, “Гэгээн хангай” ТББ, Ардчилсан залуусын холбоо, “Хүчирхэг үндэстэн” ТББ гэхчлэн олон байгууллагын төлөөлөл ирсэн байв. Тэдний зүгээс залуу гэр бүлийн салалт их байгаа учраас гэр бүлийн суурь хөгжил, бат бэх байдлыг хангах, тогтмол орлоготой болгох, хөгжлийн бэрхшээлтэй залуус, хүүхдүүдийг дэмжих зэрэг олон саналыг тавьлаа.

Мөн Залуучуудын байгууллага олноор байгуулагдаж байгаа учраас тэдний идэвхи оролцоог, эрх үүргийг хангах зорилгоор “Аймгийн залуучуудын зөвлөл” байгуулж өгөөч гэсэн саналыг тавьлаа. Залуучуудын байгууллага олон байгаа ч нийгэмд идэвхтэй оролцдог нь цөөхөн, тиймээс нийт массыг хамарсан ажил үйлчилгээ явуулж чаддаггүй болохоо илэрхийлсэн юм.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ