12 сар гарсаар 60 гаруй иргэн 70321111 утсанд холбогджээ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 22:54:47

Өөврхангай аймгийн МШУТ-ийн 70321111 утсанд 12 сар гарсаар 60 гаруй иргэн хандаж мэдээлэл өгсөн байна.

Үүнд төв зах дээр гадаа сууж, гар дээрээс худалдаа эрхэлж байгаа худалдаачдыг 2015 оны 11-р сарын 20-ны өдөр гэхэд чөлөөлөх тухай гаргасан Арвайхээр сумын Засаг даргын захирамж биелэхгүй байгаа талаар гомдол ирсэн байв. Зарим иргэд гадаа зогсон худалдаа явуулж байгаагаас шалтгаалан дотор түрээс төлөн сууж байгаа худалдаачдын борлуулалт муу байгаа талаар тухайн иргэн  хэлсэн байна. Мэдээллийн мөрөөр Арвайхээр сумын ЗДТГ-аас ил задгай худалдаа эрхэлж байгаа худалдаачдад албан шаардлага хүргүүлжээ.

Мөн хуучин 48 зэрэг зарим орон сууцны орцны гэрэл асдаггүйгээс оршин суугчдад хүндрэлтэй байгаа төдийгүй тэнд муур орогнон хүүхдүүдийг айлгадаг, нохой устгалын ажил явагдаж байгаагаас шархадсан нохой айлын хашаанд ирж үхэх болсон,  Арвайхээр сумын авто замын гэрэлтүүлгүүдийг өглөө 7 цагт буюу хүүхдүүдийг хичээлд явах цагаар унтраачихдаг, Спортын ордон камержуулалтгүйгээс эд зүйлээ хулгайд алдах үед илрүүлэх боломжгүй байна гэх зэрэг олон санал гомдол ирсэнбайна.

Түүнчлэн Арвайхээр сумын 5 дугаар цэцэрлэгийн нэр бүхий багш, 1 дүгээр сургуулийн жижүүрүүд, Мэргэд сургуулийн нэр бүхий хоёр багшийг харилцаа хандлага муутай,  хүүхдүүдтэй ширүүн харьцдаг хэмээн шүүмжилжээ.

Арвайхээр сумын 5 дугаар багийн 12 айлын орон сууцны цэвэр усны шугам хөлдсөн, цэвэр ус өгөхгүй байгаа гэх гомдол олон удаагийн давтамжтай ирсэн байгаа юм. Тус орон сууцны цэвэр усны шугам дээврээрээ явдаг тул амархан хөлддөг бөгөөд Онги ус суваг ОНӨҮГ-аас өнгөрсөн хоёр жилийн турш өөрийн хөрөнгөөр засварласан байна. Энэ удаа зардал, мөнгө нь тодорхойгүй учраас тус орон сууцны оршин суугчид тав тухгүй нөхцөлд өвөлжих төлөвтэй байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ