Замын хөдөлгөөний зөрчил буурсан нь шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙМанай улсад зам тээврийн ослоор жилд 500 орчим хүн хорвоог орхидог гэсэн харамсалтай тоо баримт байдаг. Үүний 10 орчим хувийг хүүхэд, багачууд эзэлдэг бөгөөд үүнийг таслан зогсоох зорилгоор УИХ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Шинэ хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхлээд найм дах өдрөө болж байна. Тиймээс Хэнтий аймгийн хэмжээнд хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн хошууч Р.Цээлхагваас тодрууллаа.
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхлэснээс хойш аймгийн хэмжээнд хуулийн хэрэгжилт ямар байна вэ?
-Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцож байгаа замын хөдөлгөөний зөрчил буурсаар байна. Энэ нь шинэ хуультай холбоотой байх.
- Хууль хэрэгжихээс өмнө хичнээн зөрчил илэрсэн бэ?
-Аймагт өнгөрсөн сарын 31-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 зөрчил илэрч байсан бол энэ сарын 1-ны байдлаар 5 зөрчил илэрч замын хөдөлгөөний зөрчил буурсан үзүүлэлттэй байна.
-Одоогийн байдлаар хичнээн зөрчил илэрч, хэдэн төгрөгний торгууль ноогдуулаад байна вэ?
Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс долоо хоногийн дотор 121 зөрчил илэрч 9.198.200 төгрөгний торгууль ноогдуулаад байна.
-Жолооч, зорчигчдын хувьд ихэвчлэн ямар зөрчлүүд гаргаж байна вэ?
-Иргэдийн хувьд жолооч болон зорчигч хамгаалах бүс зүүгээгүй, мотоциклоор зорчигчид хамгаалах малгай хэрэглэхгүй хөдөлгөөнд оролцох, автомашин жолоодож хөдөлгөөнд оролцохдоо гар утас ашиглах, замын хөдөлгөөнд заасан түр зогсохыг хориглосон газар зогсох, хүн ба ачаа тээвэрлэх журмыг зөрчих, улсын үзлэгт хамруулаагүй эсвэл үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах, улсын дугаар бүдгэрч арилсан зөрчилүүд илэрсэн.
-Эдгээрт хуулийн дагуу ямар хариуцлага тооцож байгаа вэ?
-Зөрчил гаргасан жолооч нарт удаа дараа анхааруулж, санамж, зөвлөмж өгсөн бол дараагийн удаа хариуцлага хүлээлгэх чиглэлээр ажиллана.
-Энэ сарын эхний байдлаар зам тээврийн осолд өртөх тохиолдол хэр байгаа вэ?
-Одоогийн байдлаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, зам тээврийн осол гаргаж захиргааны арга хэмжээ авагдахаар хоорондоо шүргэлцсэн, машины араас мөргөсөн зэрэг аймгийн төвд хоёр суманд нэг зөрчил гарсан байна.
Хэнтий аймгийн Цагдаагийн газраас ард иргэддээ шинэ хууль дүрмийн талаар мэдээ мэдээллийн талаар зөвлөмж хүргэж байгаа бөгөөд тус хуулийнхаа хэрэгжилтийг сайн судлахыг анхаарууллаа.
О:Буянхишиг
Сэтгэгдлүүд