Хуулийнхны хууль бус ажиллагааны хохирогч болсон гэх өргөдөл их ирж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-14 13:03:46

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр сар бүр мэдээлэл хийх үүргийнхээ хүрээнд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

Өнгөрсөн сард тус байнгын хороонд 260 гаруй өргөдөл ирсэн байна. Үүнээс нэлээдгүй хувийг шийдээд явж байна гэж байнгын хорооны дарга хэллээ.

Тэрбээр энэ үеэр “Эрдэнэс-Тавантолгой" компанийн ажилчдын асуудал шийдэгдсэн.  Мөн "Халх гол" чөлөөт бүсийн асуудалтай холбогдуулж Засгийн газарт чиглэл өгсөн. Засгийн газраас хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн хариуг Өргөдлийн байнгын хороонд ирүүлээд байна. Мөн Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар маш их өргөдөл ирсэн. Байгаль хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэлийн нас барсан шалтгааныг үнэн зөвөөр тогтоохыг иргэд өргөдөлдөө дурьдсан байсан. Уг залууд улсын баатар цолыг өгөх хүртэл санал гаргасан байсан" гэв. 

Өргөдлийн байнгын хороонд орон сууцтай болох, шагнал хүссэн, эмнэлгийн тусламж авах, хуулийн байгууллагуудын хууль бус үйл ажиллагааны хохирогч болсон гэсэн дөрвөн төрлийн өргөдөл голлон ирдэг байна. 

Сүүлийн үед орон нутгийн хуулийн байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн өргөдөл ихээр ирэх болсон бөгөөд хууль хяналтын байгууллага нь ах дүү, хамаатан саднуудын сүлжээ болж танилынхаа талд шийдвэр гаргадаг болсон гэх гомдлыг иргэд ирүүлэх болсон гэж А.Баасанхүү гишүүн ярьлаа.  

 

Б.Туул

 

Холбоотой мэдээ