Египет: ОХУ-ын зорчигч тээврийн онгоцонд террорист халдлага болоогүй

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-12-15 09:44:31

КАИР. /NHK/. Египетийн зүүн нутагт осолдсон ОХУ-ын зорчигч тээврийн онгоцонд террорист халдлага болсон шинж тэмдэг илрээгүй гэж Египетийн эрх баригчид мэдэгдэв. Мөн нисэх буудлынхаа аюулгүй байдлыг чангатгасан гэж мэдэгджээ.

ОХУ-ын агаарын тээврийн компанийн нисэх онгоц 10 дугаар сард Синайн хойгт сүйрч, онгоцонд байсан 224 хүн бүгд амиа алдсан билээ.

Онгоцны ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажиллагааныхаа дүгнэлтийг Египетийн Иргэний нисэхийн яам өчигдөр танилцуулжээ. Тэдний мэдэгдсэнээр, нисэх онгоцны үлдсэн хэсгүүдийг шинжлэхэд террорист халдлага болсон шинж тэмдэг алга байна.

Олон улсын зөвлөхүүдийн тусламжтайгаар Египет даяарх нисэх онгоцны буудлуудын аюулгүй байдлыг чангатгана гэж тэд мэдэгдэв.

“Лалын улс” бүлэглэлтэй холбоотой зэвсэгт бүлэглэл нисэх онгоцны уг ослын хариуцлагыг хүлээсэн билээ. Харин ОХУ-ын албаны хүмүүсийн үзэж байгаагаар, нисэх онгоцонд тэсрэх бөмбөг дэлбэрсэн байна.

Уг ослоос хойш Египетийг зорих жуулчдын тоо багасаж, тус улсын орлого ихээхэн буурчээ. Аюулгүй байдлаа чангатгах замаар Египет жуулчдын тоог нэмэгдүүлэхийг зорьж байгааг шинжээчид тэмдэглэжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ