Говь-Алтай аймгийн Алтай сумыг өнөөдөр Хятадын эрчим хүчний системд холбоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-25 10:47:50

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шинжан Уйгарын өөртөө засах орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар Хами аймагт “Алтай-Улиастай эрчим хүчний систем” компанийн гүйцэтгэх захирал Б.Цэдэвсүрэн, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат тэргүүртэй албаныхан ажлын айлчлал хийжээ.


Тэгвэл “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” Хятадын “Хами энержи групп”-ийн хооронд 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хилийн холболтыг хийж, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээг шуурхайлахаар тохиролцоны үүднээс өнөөдөр Алтай сумыг эрчим хүчинд холбож байна. Ингэснээр Говь-Алтай аймгийн Алтай сумын 360 өрх, 40 гаруй аж ахуйн нэгжийг найдвартай, тогтвортой цахилгаанаар хангаж байгаа юм.


Энэ асуудлыг шийдвэрлэхээр улсын төсвийн 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Алтай сумаас Бургастайн боомт хүртэл 70 км урттай 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж байгуулан 2024 онд байнгын ашиглалтад хүлээн авсан байдаг юм. Үүний үргэлжлэл болгон “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” компаниас өөрийн хөрөнгөөр хилийн бүс хүртэл 35 кВ-ын 1.5 км орчим цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2025 онд шинээр барьж, Хятадын төрийн өмчит “Хами энержи групп”-ийн цахилгаан дамжуулах шугамтай холбох техникийн бэлэн байдлыг бүрэн хангаж холболт хийхэд бэлэн болжээ.


Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн 541 дүгээр тогтоолоор “Цахилгаан импортлох” тусгай зөвшөөрлийг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” компанид олгож, эрчим хүчний салбарын төрийн байгууллага, компаниуд холбогдох зохион байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. 









Холбоотой мэдээ