ХӨВСГӨЛ: Монгол цэргийн түүхийн олимпиадад 56 сурагч оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах яамнаас зохион байгуулсан Их Эзэн Чингис Хааны мэндэлсний 863 жил, Бүгд Найрамдах Улс тунхагласны 101 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн нэрэмжит “Монгол цэргийн түүхийн олимпиад” боллоо.
Тус олимпиад нь Монголын цэргийн түүх, эх оронч үзэл, түүхэн мэдлэгийг сурагчдад төлөвшүүлэх зорилготой юм.
Олимпиадад Хөвсгөл аймгаас 9 дүгээр ангийн 21, 12 дугаар ангийн 35, нийт 56 сурагч оролцож 9 дүгээр ангийн төрөлд Тосонцэнгэл сумын ЕБС-ийн сурагч Эрдэнэ-Баатарын Цэцэгдэлгэр тэргүүлсэн байна.
Дэд байрт Ренчинлхүмбэ сумын ЕБС-ийн сурагч Ганболдын Туяацэцэг, гутгаар байрт Мөрөн сумын Титэм ЕБС-ийн сурагч Эрдэнэчулууны Буяндэлгэр шалгарсан байна.
12 дугаар ангийн төрөлд Их-Уул сумын ЕБС-ийн сурагч Баасанпүрэвийн Баасанжаргал, Цэцэрлэг сумын ЕБС-ийн сурагч Нямжавын Доржбат, дэд байрт Жаргалант сумын ЕБС-ийн сурагч Ганхуягийн Эрдэнэ-Мөнх, Мөрөн сумын ерөнхий боловсролын Дэлгэрмөрөн сургуулийн сурагч Баяраагийн Бат-Эрдэнэ нар шалгарч, улсын олимпиадад оролцох эрхээ авлаа.
Шалгарсан сурагчид энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод
зохион байгуулагдах Монгол цэргийн түүхийн олимпиадын хоёрдугаар шатны
шалгаруулалтад аймаг, орон нутгаа төлөөлөн оролцоно.


Улаанбаатар