Үнэгүй олгосон өвсийг дамлан худалдаалахаас сэргийлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 16:04:46

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг чиглэлийн дагуу Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр байгуулагдсан Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг Баянхонгор аймгийн Өлзийт, Баян-Овоо, Бөмбөгөр, Бууцагаан сумд ажиллав.

Мөн үеэр Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулж, холбогдох үүрэг даалгаврыг өгсөн байна.

Хурлаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар улсын нөөцөөс тодорхой хэмжээний өвс үнэгүй, тэжээлийн үнийг 50 хувь хямдруулах шийдвэр гаргасныг дуулгаж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг санууллаа. Ялангуяа үнэгүй олгосон өвсийг өвөлжилт хүнд байгаа малчны хотонд хүргэх, хууль бусаар дамлан худалдаалах, борлуулахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулсан. Мөн тус аймгийн Бөмбөгөр сумын хүн эмнэлэг, Баян-Овоо сумын Цагдаагийн тасагт улсын нөөцөөс автомашин олгохоор Засгийн газраас шийдвэрлэснийг аймгийн Онцгой комиссынхонд хэлсэн юм.

Аймгийн Онцгой комиссын зүгээс малчдад өвс, тэжээлийг үнэгүй болон хямдруулж өгч байгаа нь төр засгаас авч хэрэгжүүлж буй нүдээ олсон алхам боллоо хэмээн талархан хүлээн авч байв. Яг энэ үед л малыг өвс, тэжээлээр тэнхрүүлэх нь чухлыг онцолж байлаа.

Мөн үеэр аймгийн Онцгой комисс шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлэх, ялангуяа өвөлжилт хүндэрсэн суманд байгаа жирэмсэн эх, өндөр настан, бага насны хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлыг анхааралдаа авахыг үүрэг болгосон байна.

Б.Мөнхзул

 

 

Холбоотой мэдээ